Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраас өнөөдөр /2017.12.15/ салбарын “Шилдэг судлаач -2017” шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах юм. Спортын төв ордонд болох бага хуралд их, дээд сургууль, биеийн тамирын спортын салбар болон хөдөө орон нутгаас ирсэн судлаачдын 50 гаруй бүтээл иржээ.
Энэ удаа Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн доктор, дэд профессор Ш.Долгортой цөөн хором ярилцлаа.
-“Шилдэг судлаач 2017” эрдэм шинжилгээний бага хурлын талаарх мэдээллийг өгөхгүй юу? Энэ удаагийн бага хуралд эрдэмтэн, судлаачид хэрхэн хамрагдаж байна вэ?
– Шилдэг тамирчин, дасгалжуулагч гээд шалгаруулаад байдаг. Гэтэл судалгаа, шинжилгээний ажлыг орхигдуулдаг хэрнээ судалгаа шинжилгээ шаардаад байдаг. Энэ нь нийгмийн сэтгэлгээтэй холбоотойгоос гадна судлаачид өөрсдийнхөө бүтээлийг ямар байдлаар тодорхойлж байна гэдэг нь харагддаг. Энэ удаад бид ямар чиглэлээр судалгаа хийх нь хамаагүй. Та судалгаагаа танилцуул гэдэг болзол тавьсан. Их, дээд сургуулиас гадна орон нутгаас оролцогчид маш сайн хамрагдаж, идэвхтэй байгаа нь харагдлаа. Энэ цаг үеийн шаардлагаар биеийн тамир спортын салбар төдийгүй бүхий л салбарт шинжлэх ухааны үндэслэл дээр явагдаж байна. Тиймээс шинжлэх ухааны ололт амжилтыг практик хэрэглээ болгох, аз жаргалтай амьдрах хүсэл эрмэлзлэлдээ хүрэхэд судалгаа шинжилгээ хэрэглээ болгох нь бидний амьдралд өдөр тутам шаардлага боллоо. Бид хэзээ үүнийг бий болгож чадах вэ гэхээр олон судлаач бий болсон цагт энэ үйл ажиллагаа хэрэгжинэ. Тиймээс энэ удаагийн биеийн тамир, спортын салбарын эрдэм шинжилгээний бага хуралд Улаанбаатар хотоос гадна орон нутгаас идэвхтэй оролцлоо. Өнөөдөр судалгаа хийж байгаа судлаачид ямар ч хамаагүй сэдвийг аваад хийж байгаа нь нийгмийн хэрэгцээг хангахгүй байна.
-Тэгэхээр энэ удаагийн бага хуралд судлаачид идэвхтэй хамрагджээ. Ирүүлсэн бүтээлүүдийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Биеийн тамир, спортын салбарт судалгааны ажилчдыг олон болгох зорилго тавьж байгаа учраас мөн салбарын судалгаа шинжилгээний ажлыг илүү бодитой, бодлогын түвшинд хийх шаардлага хэрэгцээ гараад байна. Өнөөдөр судлаачдыг нэгдсэн бодлогоор зангидахын тулд тус тусдаа биш хамран ажиллаж, багийн ажиллагаанд оруулах нь чухал байгаа юм. Ямар төсөл хэрэгжээд байна, ямар арга зүй бий болж байгааг харах хэрэгтэй байна. Ирсэн илтгэлүүдийг харж байхад үндэсний бөх, сургалтын заах арга зүй, нийтийн биеийн тамир асуудал хөндсөн, өндөр зэрэгтэй тамирчин бэлтгэх зэргээс гадна спортын анагаах ухааны талын илтгэлүүд байна. Маш сонирхолтой илтгэлүүд ирүүлсэн.
-Олимпийн наадмаас медаль авсан тамирчид дэлхийн аваргаас залгуулаад медаль аваад эхэллээ. Энэ нь бас тамирчдын сэтгэл зүй болон тэмцээндээ бэлэн байх байдал ажиглагдаж байна гэж харж байна. Таны хувьд үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-2014, 2015 онуудад Үндэсний шигшээ баг болон Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Боловсролын их сургууль манай судалгааны багтай хамтран суурь судалгааг хийж байсан. Тамирчин бүр дээр биеийн хөгжлийн тусгайлсан судалгааг авсан. Энэ бүхний үр дүнд олимпийн наадмаас олон эрх авлаа. Судалгаанаас харахад Монголын тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс асуудалгүй медальтай ирдэг болчихсон байна. Харин дэлхийн аваргад илүү олуулаа явж, аль болох медаль авч ирэх нь үр дүнгээ өгсөн. “Лондон 2012” олимпийн наадамд 29 эрхтэй байсан бол “Рио 2016” наадамд 51 эрхийг авсан. Эндээс харахад манай тамирчдын ур чадвар ямар сайн ахисныг харж болно. Эхний ээлжинд бид медалийн тоо ярихаасаа илүүтэй Монголыг төлөөлж, дэлхийн тэмцээнд оролцож байгаа тамирчдын тоо нэмэгдсэн явдал нь хүсэн хүлээж байсан амжилт юм. Ер нь тамирчин, дасгалжуулагч нарын сэтгэл зүй дээр ч гэсэн өөрчлөлт гарч байна. Урьд нь дэлхийн аваргаас медаль аваад ирсэн тамирчин хүрэх зүйл дээрээ хүрсэн мэт байдаг байлаа. Гэтэл өнөөдөр олимпийн наадмаас медаль авчаад сэтгэлээ сул тавих асуудал гарахгүй байна. Харин тэд ирэх олимпт орно гэсэн зорилго байгаа учраас дараагийн дэлхийн аваргаас медаль авч байгаа нь тамирчид сэтгэл зүйн ямар их бэлтгэлтэй нь харагдаж байна. Ингэхээр дэлхий, олимпийн наадмаас медаль авсан тамирчдын тоо эрс нэмэгдлээ. Амжилтаа хадгалах процесс руугаа явж байгаа юм байна гэж харж байна. Энэ бүхэнд бидний хийж байсан судалгааны үр дүн гарч байгаа гэж харна. Тиймээс бид судлаачдыг нэгтгэж, тэдний хийж байгаа бүтээл дээр ярилцах цаг нь болсон гэж үзэж байна. Олон судлаач бий болсноор илүү олон хүн аз жаргалтай болохоос гадна биеийн тамир, спортын салбарт судлаачдын бүтээлийг үнэлэх цаг болсон гэж харж байна.