Шинэ жилийн бэлгээ хаанаас зэхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн бэлгээ хаанаас зэхэх вэ?

Шинэ жилийн бэлгээ хаанаас зэхэх вэ?

Хаа сайгүй шинэ жилийн  уур амьсгал орж, албан байгууллагууд аль хэдийн хуучин оны амжилт бүтээлээ үдэх баяраа тэмдэглэж байна. Багачуудын хувьд шинэ жилийн баярыг өвлийн өвгөн, цасан охин амтат бэлэггүйгээр төсөөлөхийн аргагүй.

Шинэ жилийн баярт зориулан бэлтгэсэн бэлгийг өнгөрсөн сарын сүүлээс томоохон дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн. Бэлгийн сонголт арвин бөгөөд доторх бүтээгдэхүүнээс шалтгаалан үнийн зөрүүтэй байна. Ингээд шинэ жилийн бэлэг хаагуур, ямар үнэтэй байгаа талаар сонирхуулъя.

“Наран” их дэлгүүр, “Оргил”, “Номин” супермаркетуудад  боодолтой шинэ жилийн бэлгийг 2680-40000 төгрөгөөр худалдаалж байна.

“Оргил” супермаркетын хамгийн хямд буюу 2680 төгрөгийн үнэтэй бэлгэнд чипс, жижиг ундаа, иштэй чихэр гэх мэт зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн багтжээ. Харин тус дэлгүүрийн хамгийн үнэтэй 22150 төгрөгийн бэлэг жимсний шүүс, шоколад, нухаш гэх  зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнээс бүрдсэн байна.

Харин “Номин” супермаркетын хувьд хамгийн хямд бэлгийг 5949 төгрөгөөр үнэлжээ. Тус дэлгүүрийн хамгийн үнэтэй бэлэг нь 25999 төгрөгийн үнэтэй байх бөгөөд хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд  тохируулан савлажээ. Жишээлбэл чихрийн харшилтай хүүхдэд зориулан чихэр агуулаагүй бүтээгдэхүүнээр бэлэг боож худалдаалж байна. Мөн хэрэглэгчид өөрсдөө бүтээгдэхүүн сонгон бэлэг болгох боломжтой ажээ.

“Наран” их дэлгүүрийн хамгийн хямд бэлэг нь 14500 төгрөгийн үнэтэй байв. Харин хамгийн үнэтэй бэлэг нь 40000 төгрөгийн үнэтэй. Мөн  бэлгэнд амттанаас гадна зурагт ном, тоглоом зэрэг багтжээ.

Дээрх дэлгүүрүүдийн бэлгийн үнийг харьцуулахад 15000 орчим төгрөгийн дундаж ханштай байна.

Дэлгүүрт үйлчлүүлж буй иргэдээс шинэ жилийн бэлгийн сонголтыг хэрхэн хийдэг талаар асуухад “Бэлэн бэлэг авдаггүй. Өөрсдөө бүтээгдэхүүнээ худалдаж авдаг”,  “Олон хүүхдэд бэлэг өгдөг учраас бэлэн боочихсон бэлэг худалдаж аваад өгчихдөг. Цаг, зав хэмнээд амар байдаг” гэх хүмүүс олон байлаа.

Томоохон супермаркетад аль хэдийн шинэ жилийн бэлэг худалдаалж эхэлсэн байхад найман нэрийн хүнсний дэлгүүр болон захуудаар бэлгийн худалдаа гараагүй байв. “Бөмбөгөр” захын хүүхдийн тоглоомын худалдааг сонирхлоо. “Хүүхдийнхээ бэлгэнд тоглоом худалдаж авч байгаа эцэг эхчүүд цөөхөн байна” хэмээн тоглоомын тасгийн худалдагч ярьсан юм.

Ц.Оюунгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж