Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Амьдралын олон үзэгдлийг олж танихын хэрээр ялихгүй жижиг ялгаагаар нь янз янзын нэр өгч, өөр өөр үг үүсэж, ойролцоо утгатай үг олширно. Жишээ нь эскимосчууд цасыг өнгө, ширхгийнх нь хэлбэрээр ялган нэрлэсэн жар гаран үгтэй байхад монголчууд махан хоолны хоёр зуу, цагаан идээний зуун тавь гаруй нэртэй.

Хэдий ойролцоо утгатай ч нэгийг нөгөөгөөр нь орлуулж болдоггүй. Жишээлбэл, нүүр, царай хоёр ойролцоо мөртлөө нүүрийг угааж, тахалж болоод байхад царайг ингэж болохгүй. Тодруулбал “нүүр”-ийг ойролцоо утгатай “царай”-аар нь сольж, “царай тахлах”, “царай угаах” гэж болохгүй байгаа юм. Харин эсрэгээрээ царайны сайхнаар цай сүлдэггүй бол, “нүүрний сайхнаар цайг сүлж” бүүр болохгүй, ээдэж гашлаад хачин юм болно. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо ойролцоо утгатай ч зарим нэг үгтэй хамт байх дургүй үгс гэж байдаг байх нь ээ. Үүнийг мэдэлгүй онигоонд орж байгаа олон баримтаас онцолж хэдхэнийг дурдъя.

“Обама ерөнхийлөгч болоод хоёр дайныг өндөрлүүлсэн. Олон улсад нохойг жирэмслүүлэхгүй журам бий. Хуурай өлсгөлөн зарласны хүчинд бие нь муудлаа. Цагдаагийнхны нэрийг унагаах боломж бүрдүүлсэндээ харамсаж байна. Цагтаа хураагаагүйн үр дүнд ийм асуудал гарлаа. Салхи зүүн талаас салхилж байгаа нь түймэр нэмэгдэхэд дэмжлэг боллоо. Долоон өдрийн турш хортой хий амьсгалсны дүнд үхлээ…” гээд л баярламаар ч юм шиг, уурламаар ч юм шиг үг хэллэг ээ дээ, мөн ч  их байна даа. Тодруулбал “боломж, хүчинд, үр дүнд, дүнд, дэмжлэг” мэтийн үгийг болж бүтсэн юманд л энэ мэтээр хэрэглэнэ. “Бүртгүүлээгүй багуудад боломж олголоо. Хүүгийн өгсөн хэдэн төгрөг охины төлбөрийг дуусгахад мөн ч их дэмжлэг боллоо доо. Харьцаагаа сайжруулсны үр дүнд хүссэн зорилгодоо хүрлээ. Шуурхай ажилласны хүчинд шуурганы хохирол бага байлаа.гэнэ шүү дээ. Харин болж бүтэхгүй байгаа юмыг “уршгаар, -аас болж, -ны балгаар, харгайгаар, хороор” гээд олон үгнээс орчин нөхцөлд нь тааруулаад онож сонгох хэрэгтэй…

“Егөөтэй 99 тайлбар” номын “Найрыг өндөрлүүлж, номыг дэлгэрүүлж, нэвтрүүлгийг жаргаавал ямар вэ?” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж