УИХ-ын чуулганаар Сандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Ингээд тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хууль нь анх 1998 онд батлагдсан байна. Их хэлмэгдүүлэлтийн үед 36 мянга орчим иргэн хэлмэгдсэн бөгөөд 28260 нь цагаатгагджээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн үйлчлэлийн хугацаа дууссан байна. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар дээрх хуулийн төслийг санаачлан, өргөн барьжээ. Хууль батлагдсан өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нөхөн олговорт 15,5 тэрбум төгрөг зарцуулах аж.
Одоогоор 400 орчим хэлмэгдсэн иргэн нөхөн олговор аваагүй үлдсэн гэж УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хэллээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Хэлмэгдэгсдийн хөшөөг сүйтгэх ажил явагдсан гэж сонссон. Энэ хэргийг хэн хийсэн юм бэ, арга хэмжээ авсан уу?
Ажлын хэсгийн төлөөлөгч:
-Чингэлтэй дүүрэгт байрлах хэлмэгдэгсдийн хөшөөг сүйтгэсэн хэрэг гарсан. Энэ талаар тус дүүргийн цагдаад мэдэгдэж, зохих арга хэмжээг авсан. Тэр хүн нь сэтгэцийн өөрчлөлттэй хүн байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн Засаг дарга тодорхой хэмжээний төсөв гаргаж, сэргээн зассан гэв.
Улмаар хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Т.НОМИН