УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үед асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураах гэсэн боловч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийг танхимд орж ирэхийг сануулж, 10 минут хүлээв. Ингээд зарим гишүүн танхимд орж ирснээр санал хураалтыг эхлүүлэв.
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлд дараах дөрвөн өөрчлөлтийг тусгажээ. Үүнд:
- Монгол Улсад мөрдөх стандарт, техникийн баримт бичгийг зөвлөмжийн хэлбэрээр, сонгон хэрэглэх, тэдгээрийг боловсруулах, хүлээн зөвшөөрч батлах бүхий л үйл явцад нээлттэй, ил тод оролцооны тэгш байдлыг хангах, улмаар үйлдвэрлэл, худалдаа, тохирлын үнэлгээний хүрээнд түүнийг иш татах, хууль эрх зүй, зохицуулалтын баримт бичигт эш татах замаар заавал мөрдүүлдэг олон улсын нийтлэг жишигт шилжих;
- Нийтийн ашиг сонирхол, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлж, техникийн зохицуулалтаар шийдвэрлэж байх;
- Үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн, стандартчилал, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааны хамрах хүрээ, ажиллах зарчим, бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг нарийвчлан тогтоох, улмаар үйлдвэрлэл, худалдаанд байгаа техникийн элдэв саад тотгор, хүндрэлийг багасгах замаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж, орчныг бүрдүүлэх;
- Хуулийн нэр томьёог уг хуулийн төслийн агуулга, олон улсад нийтээр даган мөрдөж буй аргачлал, арга зүйн удирдамж, зааварт нийцүүлэх.
Т.НОМИН