Ардчиллыг хөгжүүлэхдээ боловсролыг орхигдуулсан нь алдаа

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Ардчиллыг хөгжүүлэхдээ боловсролыг орхигдуулсан нь алдаа

Ардчиллыг хөгжүүлэхдээ боловсролыг орхигдуулсан нь алдаа

“25 жилийн хугацаанд  ардчилал хөгжихдөө шинжлэх ухааны боловсролыг  орхигдуулсан нь том алдаа юм. Боловсролын системийн чанар муудаж, судалгааны ажлууд нийгмийн хэрэгцээнд чиглээгүй нь дэлхийн шинжлэх ухааны хөгжлөөс 25 жил хоцроход хүргэсэн” гэж   өнөөдөр /2017.12.14/  болсон “Дээд боловсрол, шинжлэх ухааны интеграци : асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээр хөндлөө. Хэлэлцүүлгийг Монгол улсын Эрдмийн их сургууль санаачлан зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт амжилт хүсэж, Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлснийг зохион байгуулагчид уншиж танилцуулсан.  Дараа нь “XXI:Боловсрол , шинжлэх ухаан, инновацийн интеграци”  сэдвээр доктор, профессор  С.Будням  үндсэн илтгэл тавьсан юм.

Уг илтгэлд  Монгол улсын  шинэ эдийн засгийн  хөгжилд бодитой эерэг өөрчлөлт хийхэд нутаг дэвсгэрийн эдийн  засгийг тусгасан, шинжлэх ухааны судалгаа нэн тэргүүнд чухал байгааг дурдаад, шинжлэх ухааны нийгэмд гүйцэтгэх үүргийг хангахын тулд  төр засгийн зүгээс системтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх  шаардлагатай байгааг  цохон хэллээ.

Доктор, профессор  С.Будням “Хэрэв манай улсад  үйлдвэрлэл  сайн хөгжсөн бол, шинжлэх ухааныг улсын бодлогын хэмжээнд  тавьж,  илүү бүтээлчээр сэтгэлгээгээр хандан, өнгөрсөн  25  жилийн шинжлэх ухааны хөгжил өөр төвшинд хүрэх байсан. Манай оронд шинэ бүтээл, оновчтой санаачлага, шинэ  техник төхөөрөмж  нэвтрэхэд   эдийн засгийн чадвар бүтэц нь бүрдээгүй  байна. Өнөөгийн  шинжлэх ухаан асар их багаж, шинэ  тоног төхөөрөмж шаардаж байна. Үүнд асар их  хөрөнгө мөнгө, цаг хугацаа орно.  Улсын төсөвт энэ жил шинжлэх ухааны салбарт  гуч орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин судалгаа хийхэд  зориулаад гурван тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ энэ нь нэг сайн төхөөрөмж авахад л хүрэлцэх мөнгө шүү дээ” гэв

Монгол улсын эрдмийн их сургуулийн, эрдэм шинжилгээ сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Пүрэвсүрэн “Дээд боловсролын чанар дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэдэг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй  бодит үнэн. Манай дээд боловсролын тогтолцоо,  сургалтын хөтөлбөр, стандарт бүх  зүйл шинэчлэгдэж байгаа гэж өөрсдөө бодож байгаа боловч, мөн чанартаа уламжлалт хэвшмэл хэв загвараар явж  байна.  Өөрөөр  хэлбэл, урьдын адил багш нар лекцээ уншдаг, оюутан  өгсөн  даалгаврыг  биелүүлдэг  иймэрхүү  хэлбэрээр явж байна. Дээд боловсролын чанар шинжлэх ухааны салбартай зайлшгүй холбогдоно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хамгийн их  хувийг шинжлэх ухаанд зарцуулж  байна. Манай улсын хувьд эсрэгээрээ шүү дээ. Шинжлэх ухаан   мэдлэг бүтээх, судалгаа хийдэг тэр салбар, мэдлэг бүтээх процесст  суралцдаг  дээд боловсролын институт хоёр үндсэндээ хоёр тусдаа явж байна. Хатуухан хэлэхэд хоорондоо сөргөлдөөд явж байна. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг  институт судалгаа хийдэг шинжлэх ухааны байгууллага хоёр салчихаар  шинжлэх ухааны судалгааны үр дүн, үйлдвэрлэлд нэвтэрдэггүй. Үйлдвэрлэлд нэвтрэхгүй  байна гэдэг нь  улс орон хөгждөггүй  ийм л цикл бий болоод байна. Магистр, доктор  дагнаж бэлтгэдэг судалгааны анхны сургуулийн хувьд энэ асуудалд  ихээхэн анхаарал тавьж байна” гэж байлаа.

Улс орны хөгжлөөс, шинжлэх ухааны салбар ихээхэн хамаардаг. Одоогоор манай улсад химийн үйлдвэр хөгжих шаардлагатай байгаа юм байна. Манай улсын шинжлэх ухааны салбар  20-30 орчим жилийн дараа  дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрнэ гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа юм байна.

Хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын төрийн болон хувийн хэвшлийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын  эрдэмтэн судлаачид зэрэг 30 гаруй хүмүүс оролцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид дээд боловсрол, шинжлэх ухааны интеграцийг  хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг чанарын шинэ түвшинд гаргах, боловсролын процесст шинэ технологийг нэвтрүүлэх, шаардлага хэрэгцээнд тулгуурлан Их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлэх нь чухал болохыг санал нэгтэй дэмжиж, санал солилцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж