Төрийн тусгайнхны эмнэлэг мэс засал хийх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Төрийн тусгайнхны эмнэлэг мэс засал хийх боломжтой боллоо

Төрийн тусгайнхны эмнэлэг мэс засал хийх боломжтой боллоо

“Ногоон эмнэлэг” хэмээн нэрлэгдсэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь жилийн хугацаанд зөвхөн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан бол өнөөдөр /2017.12.14/  хэвтэн эмчлүүлэх байрны нээлтээ хийлээ.

Тус эмнэлгийн “Б” блок болох 10 тасаг бүхий 240 ортой, зургаан хагалгааны өрөөтэй байр үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ. Нийт 10855 метр квадрат бүхий талбайтай эмнэлгийн байрыг ашиглалтад оруулснаар дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, мэс засал, гэмтлийн мэс засал, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэх гэнэ.

Хэвтэн эмчлүүлэх тасаг

Ингэснээр жилдээ 7500-8000 үйлчлүүлэгчийг хэвтэн эмчилж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байв.

Төрийн албан хаагчдаас гадна Чингэлтэй дүүргийн иргэд эмчлүүлнэ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд дарга Т.Нарантуяа

“Манай эмнэлэг нь төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг. Мөн харьяа дүүргийн хувьд Чингэлтэй дүүрэгт  байрладаг учраас тус дүүргийн мэс заслын тусламжийг үзүүлнэ. Эмч мэргэжилтнүүд маань одоогоор эрүүл мэндийн даатгалтай бүх иргэдэд үйлчилж байгаа. Цаашдаа эмнэлгийн ачаалал эрс нэмэгдвэл төрийн албан хаагчдад үйлчилнэ. Манай эмнэлэг дахин сэргээн байгуулагдсан нэг жилийн хугацаанд нийт 190 мянга орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Энэ тоо дөрөв, таван жилийн өмнөх үйлчлүүлэгчидтэй харьцуулахад нэг дахин ихэссэн үзүүлэлт юм. Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нээгдсэнээр шинээр хүүхдийн болон гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ” гэдгийг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд дарга Т.Нарантуяа ярилаа.

Нээлтийн үеэр тус эмнэлэгт энэ сарын 20-нд Австри улсын засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, эхний ээлжийн хоёр сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж ирэх тухай албаныхан дуулгалаа.

Мөн шинэхэн эмнэлгийн хагалгааны тасаг нь вакумжуулсан орчинд хийгдэх ажээ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт одоогоор нийт 239 ажилчин, эмч мэргэжилтэн ажилладаг бөгөөд хэвтэн эмчлүүлэх байр ашиглалтад орсноор 360 орчим болж, хүний нөөц нэмэгдэх юм байна.

А.Сүрэн 

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж