Ерөнхийлөгч Монголч эрдэмтдийг шагнав

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Монголч эрдэмтдийг шагнав

Академич Ш.Бира: "Төрийн тэргүүн өөрийн орныг сурталчилж буй эрдэмтэн мэргэдийг хүлээн авч урамшуулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна"

Олон улсын Монголч Эрдэмтний 10 дугаар хурлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган дэлхий дахинд монголын өв соёл, хэл, зан заншил, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж ирсэн эрдэмтэн, судлаачдад шагнал гардууллаа.

Монголын түүх, түүх бичлэгийн салбарт суурь судалгааны олон арван бүтээл, хамтын бүтээлүүд туурвиж олон улсын тавцанд Монгол судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Олон улсын Монгол Судлалын Холбооны гүйцэтгэх захирал, доктор профессор Цогт-Очирын Ишдоржид “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн” цол хүртээв.

Мөн “Алтан гадас” одонгоор ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол судлалын секторын эрхлэгч, доктор профессор Владимир Грайворонский, Япон Улсын Осакагийн Гадаад судлалын Их сургуулийн хүндэт профессор, Монголч эрдэмтэн Масарү Хашимото, БНСУ-ын Монголч эрдэмтэн “Улаанбаатар” дээд сургуулийн Ерөнхий захирал профессор Чой Ги Хо нарыг, “хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Олон улсын Монгол судлалын холбооны нарийн бичиг Мөнхтогоогийн Баттулга, Олон улсын Монгол судлалын холбооны ажилтан Шаравын Мөнхцэцэг, Чогнийгийн Нарантуяа нарыг, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”-иар Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ш.Бираг тус тус шагнав.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн Олон улсын Монголч эрдэмтний 10 дугаар хурал нь Монголын түүхэн хүндэтгэлт олон ой тохиож буйгаараа түүхэн ач холбогдолтой юм. Ингээд Олон улсын Монгол судлалын холбооны саналыг үндэслэн Монгол орныг дэлхий дахинд сурталчилах, Монгол орны түүх соёл, өв уламжлалыг олон оронд судлаж ирсэн эрдэмтэн судлаачидаа Монголын төрөөс онцгой дэмжиж байгаагаа илэрхийлж энэхүү шагналыг гардууллаа” хэмээв.

Дараа нь ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Академич Ш.Бира хэлэхдээ, “Өнөөдөр манай Холбооны түүхэнд том үйл явдал болж байна. Дэлхийн монгол судлалыг манай төр засгаас онцгойлон дэмжиж, үнэлж байгаад баяртай байна. Мөн дэлхийд нэртэй Монголч эрдэмтдийг дэмжиж, хүндэтгэж байгаад их баяртай байна. Төрийн тэргүүн өөрийн орныг сурталчилж буй эрдэмтэн мэргэдийг хүлээн авч урамшуулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж