Шиньжян-Уйгурын бүх оршин суугчдын ДНК-г цуглуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Шиньжян-Уйгурын бүх оршин суугчдын ДНК-г цуглуулж эхэлжээ

Шиньжян-Уйгурын бүх оршин суугчдын ДНК-г цуглуулж эхэлжээ

Хятадын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны удирдлагууд бүх оршин суугчдын ДНК болон биометр өгөгдлүүдийг цуглуулах болжээ. 12-65 насны бүх хүний ДНК-гийн дээж, хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, цусны бүлэг зэрэг мэдээллийг нэгтгэн цуглуулж буй талаар хүний эрхийн Human Rights Watch байгууллагаас мэдээлсэн байна.

Хүн амын бүртгэлийн хөтөлбөр гэж нэрлэсэн үйл ажиллагааны хүрээнд цагдаа нар айл өрхөөр орж, эсвэл төвлөрсөн цэгүүдэд оршин суугчдын нүдний солонгос бүрхэвч, хурууны хээг авч байгаа гэнэ. Харин эмнэлгийн ажилтнууд ДНК-гийн шинжилгээний дээж болон цусны бүлгийн талаарх мэдээллийг нэгтгэн, цагдаагийн байгууллагад шилжүүлэх ажээ.

Энэ нь сайн дурын бус, албан шаардлагаар хэрэгжиж буй бөгөөд бүх хүн биечлэн оролцохыг шаардсан гэж нутгийн оршин суугч ярьсан байна.

Албаны хүмүүст харин хот, тосгодын бүх айл өрх, өрхийн бүх гишүүн, хүн бүрийн бүхий л мэдээллийг бүрэн гүйцэт авах ёстой гэсэн чиг үүрэг өгчээ.

Өнгөрсөн аравдугаар сард хэрэгжиж дууссан “Бүх нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр” гэх нэрийн дор ийнхүү иргэдийн биометр өгөгдлүүдийг цуглуулж байгааг иргэд өөрсдөө мэдэж байгаа эсэх нь бас эргэлзээтэй гэнэ.

Хятад дахь Human Rights Watch байгууллагын тэргүүн Софи Ричардсон “Бүхий л иргэдийн био мэдээлэл, ДНК-г албан шаардлагаар авна гэдэг олон улсын хүний эрхийн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж буй явдал юм. Үнэ төлбөргүй эрүүл мэндийн хөтөлбөр нэрийн дор нуугдмал байдлаар ийм арга хэмжээ явуулж байгаа нь бүр ч ноцтой хэрэг юм” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн жил Шиньжяны цагдаагийн газар оршин суугчдын дуу хоолойг бичиж авч, архив үүсгэжээ. Энэ нь үндэсний хэмжээнд иргэдийн дуу хоолойны өгөгдлийн сан байгуулах ажлын хүрээнд хийгдсэн байна. Ингэснээр шаардлагатай тохиолдолд утасны яриа чагнах зэрэгт автоматаар тухайн хүнийг таних боломж бүрдэх ажээ.

Түүнчлэн 2016 онд Шиньжяны зарим хэсэгт дотоодын оршин суугч гадаадад аялахдаа зөвшөөрөл авах журам хэрэгжүүлж эхэлсэн байна. Гадаад паспорттой иргэдийн паспортыг цагдаагийн газарт хадгалдаг бөгөөд гадаад оронд зорчих хэрэг гарвал Хятад улсыг орхин явахыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж