Владимир Путин өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Владимир Путин өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана

Владимир Путин өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины жил бүр сэтгүүлчидтэй хийдэг уулзалт, ярилцлага өнөөдөр /2017.12.14/ болохоор товлогджээ. Москвагийн цагаар 12.00 цагт эхлэх уулзалтад 1640 сэтгүүлч оролцохоор уригдсан нь рекорд тогтоосон байна.

Уулзалтад оролцох сэтгүүлчдийн нэрсийг Кремлийн албан ёсны сайтад байршуулжээ. Тэдний дийлэнх нь дотоодынх, харин гадаадаас АНУ, Герман, Япон, Франц, Хятад, Польш, Эстонийн хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцох аж.

Тэдний дунд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путинтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн Ксения Собчакийн нэр багтжээ. Собчак өмнө нь 2014, 2015 онд Путины жил тутам зохион байгуулдаг хэвлэлийн хуралд оролцож байв.

Уламжлал болсон энэ уулзалтын нэр хүнд, хүлээлт, хамрах хүрээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Анх 2001 онд болсон уулзалтад 500 гаруй сэтгүүлч оролцсон бол өнгөрсөн жил хэвлэл, мэдээллийн байгууллагын 1350 төлөөлөгч оролцжээ. 

Рекорд тогтоосон жил нь 2008 он байв. Тэр жилийн уулзалт, ярилцлага дөрвөн цаг 40 минут үргэлжилж, Оросын төрийн тэргүүн 106 асуултад хариулжээ.

Энэ жилийн хувьд Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил тохиож буйгаараа онцлогтой. Сануулахад, Путин 2018 оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө арванхоёрдугаар сарын 6-нд албан ёсоор зарласан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж