Хас банкны Ерөнхий захирал Г.Амартүвшинг бизнес, банкны салбарынхан сайн мэдэх ч Монгол HD телевизийн “Шарк танк” шоу нэвтрүүлэг түүнийг олон нийтэд танилцуулсан гэхэд болно. Брюсселийн Европын Их сургуульд бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан, өндөр мэдлэг боловсролтой, Их номч Бямбын Ринченгийн зээнцэр хүү гэхчлэн банк, санхүүгийн салбарын нууц ноёнтнуудын нэг байсан тэрбээр телевизийн шоунд оролцсоноороо өөрийгөө тодорхой хэмжээнд нээсэн. Бас түүний загварын мэдрэмж, өнгө өнгийн оймс, зангианы сонголт нь охид, бүсгүйчүүдийн ярианы сэдэв болсон байх.
Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг эрхэм шаркийн гэргий чамгүй бизнес эрхлэгч гэгддэг юм билээ. Түүний гэргийг Б.Дэлгэрмаа гэдэг бөгөөд алдартай luxury брэндүүдийн нэг LV-гийн Монголд нээсэн салбарыг удирдаж байсан, бизнес хатагтай. Найман жил Монголын хэрэглэгчдэд үйлчилсэн Louis Vuitton Mongolia энэ зун үйл ажиллагаагаа зогсоож, дэлгүүрээ хаасан билээ.
Б.АНИР