Дэлхийн нийт эдгээр өдрүүдэд Зөвлөлт Холбоот Улсын түүхэн дэх хамгийн алдартай дүрвэгч, Балетын урлагт том шинэчлэл хийсэн Рудольф Нуреевыг дурсан санаж байна. Түүний гайхамшигтай бөгөөд эмгэнэлт амьдралын тухай өгүүлсэн балет ОХУ-ын “Большой театр”-т өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийлээ.
Рудольф Нуреев бол Зөвлөлт Холбоот Улс төдийгүй дэлхийн дуурь, бүжгийн тайзнаа маш эрэлт хэрэгцээтэй, домогт балетчин байсан билээ. Түүнийг XX зууны хамгийн шилдэг балетчин хэмээн өргөмжилдөг бөгөөд балетын урлагийн сурах бичиг ч гэж нэрлэдэг.
Тэрбээр 1961 онд Парист тоглолтоо хийсний дараагаар ЗХУ руу буцахаас татгалзаж, улс төрийн орогнол хүссэн нь тус улсын түүхэн дэх хамгийн алдартай дүрвэгч болсон аж. Нуреев карьерынхаа төгсгөлд бүжиг дэглээч, жүжигчин зэрэг урлагийн олон салбарт хүчээ сорьж, Парисын дуурийн театрын удирдаачаар ажиллаж байсан түүхтэй.
Рудольф Нуреевын намтарт түүнийг Эрхүү хотод мэндэлсэн гэж тэмдэглэсэн байдаг ч үнэн хэрэгтээ тэр Владивосток чиглэлийн галт тэрэгт мэндэлжээ. Харин Эрхүү хотоос холгүй орших төмөр замын өртөө хүүг энэ хорвоод мэндэлснийг нь бүртгэж авсан гэнэ.
Нуреев Улаан армийн улс төрийн багш Хамит Фазлеевич болон түүний эхнэр Фарида Аглиулловна нарын бага хүү болон мэндэлсэн билээ. Тэр Роза, Розинда болон Лидия гэсэн гурван эгчтэй. Түүний бага нас дайны хөлд өнгөрсөн бөгөөд дайны улмаас гэр бүл нь байнга нүүдэг байв. Хүүхэд байхаас л Нуреев Уфа хотын соёлын төвийн дэргэдэх ардын бүжгийн ассамблейд бүжиж, 15 насандаа Уфа хотын дуурийн театрт орж, жилийн дараа театрынхаа бүрэн эрхт гишүүн нь болж чаджээ.
1955 онд Нуреев бүжиг дэглээчийн сургуульд сурахаар Ленинград хотыг /өнөөгийн Санкт-Петербург/ зорьсон. Гэхдээ тус сургууль нь 12 настай хүүхдүүдийг элсүүлэн авдаг байсан тул 17 настай Нуреевыг хэн ч тоож хардаггүй, анхаардаггүй байжээ. Ангийн хамт олонтойгоо хэл амаа ололцохгүй, үргэлж шоглуулдаг байсан тул Нуреев дотуур байранд ч амьдарч чадахгүйд хүрсэн гэдэг. Энэ үед түүний багш Александр Пушкин гэртээ оруулж, улмаар гэр бүлийнх нь нэг гишүүн болсон ажээ.
Бүжиг дэглээчийн сургуулийг Рудольф Нуреев 1958 онд төгсмөгцөө М.Кировын нэрэмжит Ленинградын дуурь, бүжгийн театрт ажиллах урилга хүлээн авсан билээ.
Балет
Рудольф Нуреев мэргэжлийн түвшинд анх удаа “Лауренсия” балетийн Фрондосо дүрд тоглож байсан. Хожим нь, Вена хотод зохион байгуулагдсан долоо дахь удаагийн оюутан, залуучуудын наадамд оролцож, алтан медаль хүртэж байсан удаатай. Ингээд тэр гурван жилийн дотор багийнхаа хамгийн чухал, үнэ цэнэтэй балетчин болсон. Улмаар Болгар, Зүүн Герман, Египет зэрэг олон орноор аялж, дэлхийн дуурийн тайзнаа бүжих болов. Түүний хувьд аливаа улсын виз төвөггүйхэн гарчихдаг байлаа. Иймээс тэр Парис дахь тоглолтынхоо дараа тэндээ үлдэхээр шийджээ.
Нэг удаа ЗХУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооноос Парисын дуурийн театрт шаардах бичиг ирүүлжээ. Тус шаардах бичигт Нуреевыг бүх тоглолтоос хасч, ЗХУ руу буцаах тухай өгүүлсэн байв. Тэд Нуреевыг хилийн чанадад сахих дэглэмийг зөрчсөн гэж албан ёсоор үзсэн гэдэг. Гэхдээ эрх баригчид Нуреевыг бэлгийн цөөнх гэдгийг нь мэдсэн учир түүнийг албадан эх оронд нь ирүүлэхээр зэхэж байсан гэж мэддэг хүмүүс нь ярьдаг байжээ.
Гэхдээ Нуреев ЗХУ-ын шаардлагыг үл тоон, Францаас улс төрийн орогнол хүссэн удаатай. Ингээд Нуреев ЗХУ-ын түүхэн дэх эх орондоо буцаж очоогүй хамгийн алдартай хүмүүсийн тоонд бичигдэх болов. Хэрвээ тэр эх орондоо буцаж очсон бол түүнийг шоронгийн амьдрал хүлээж байсан гэж хожим нь ойр дотнынх нь ярьжээ. Олон жилийн дараа, ЗХУ-аас түүнд утсаар мэдээ ирүүлсэн байдаг. Тэд Нуреевыг эхийнхээ оршуулгын ёслолд оролцох хэрэгтэй гэв. Энэ үед Нуреевыг мэддэг, таньдаг хүмүүсийг түүнтэй үг дуугарах, ойртохыг нь хориглосон байжээ.
Францад Нуреев “Маркиза де Куэваса” балетын багт бүжиж байсан. Гэхдээ Франц улс түүнд улс төрийн орогнол олгохоос татгалзсан ажээ. Улмаар тэр Их Британийг зорьж, Лондонд Марго Фонтейны хамтаар хатан хааны театрын тайзнаа бүжих болсон. Улс төрийн орогнол хүсч олон орноос явсан тэрбээр хожим нь Австрийн иргэншилтэй болж, Венын дуурийн театрт ажиллаж эхэлсэн. Нуреев маш хичээнгүй хүн байв. Тэр 1960-аад онд жилийн дотор 200 тоглолтод оролцож, 1975 онд 300 удаа тайзан дээр бүжиж байв. Өөрөөр хэлбэл, тэр өдөр болгон дэлхийн том тайзнаа бүждэг байжээ.
Жүжигчин ба удирдаач
Рудольф Нуреев балетаас гадна кино урлагт хүчээ сорьж байсан. Тэр ЗХУ-д амьдарч байхдаа “Души исполненный полет” кинонд тоглож байв.
Хожим нь “Ромео, Жульетта”, “Би бүжигчин”, “Залуу үе ба үхэл” зэрэг балетын тухай киноны гол дүрд тогложээ. Үүний зэрэгцээ, алдарт балетчин “Щелкунчик”, “Дон Кихот”, “Үнсгэлжин”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Хунт нуур” зэрэг олон жүжгийг дэглэсэн юм.
1980-аад онд Нуреев Парисын Гранд Опера театрын багийг удирдаж байсан. Тэрээр улиг болсон бүжигчид, удирдаач нарыг халж, залуу шинэ үеийг дэмждэг байсан нь балетын урлагт томоохон шинэчлэл болсон гэж урлаг судлаачид дүгнэдэг.
Хувийн амьдрал
Рудольф Нуреев нээлттэй хүн байв. Тэр бэлгийн цөөнх гэдгээ хэнээс ч нуудаггүй байжээ. Гэхдээ түүнийг мэдэх хүмүүс Нуреев залуу байхдаа олон охидтой үерхдэг байсан гэдэг. Мөн тэр 15 насаар эгч, хамтран бүжиглэгч Марго Фонтейн хэмээх бүсгүйтэй дотно харилцаатай байсан ажээ.
Харин дэлхийн хэвлэл мэдээллийнхэн Нуреевыг алдарт дуучин Фредди Меркьюри, загвар зохион бүтээгч Ив Сен-Лоран, дуучин Элтон Жонтой дотно харилцаатай байсан гэдэг. Гэхдээ Нуреевын хувийн амьдралд нь тохиосон үнэнч хайр нь Данийн бүжигчин Эрик Брун байсан ажээ. Нуреев түүнийг бүхэл амьдралынхаа туршид хайрлаж явсан гэдэг. Тэд 25 жил хамт амьдарсан бөгөөд 1986 онд Эрик өөд болов.
Харин 1983 онд алдарт балетчин XX зууны тахал хэмээн нэрлэгдэж байсан ДОХ-той гэдгээ мэджээ. 10 жилийн туршид энэ өвчинтэй тэмцсэн ч 1993 оны нэгдүгээр сарын 6-нд өөд болсон. Түүний хүсэлтээр шарилыг нь Парис дахь “Сент-Женевьев-де-Буа” орос оршуулгын газар оршуулсан ажээ.
Хэдийгээр агуу бүжигчин ЗХУ-ын иргэншлээсээ татгалзсан ч оросууд түүний шийдвэрийг ойлгож, түүний уран бүтээлийг үнэлсээр ирсэн. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн ‘Нуреев’ балет байлаа. Энэ жилийн хамгийн их хүлээлттэй байсан тус балет үзэгчдээс өндөр үнэлэлт авч, алга ташилтын нүргээнд ‘Большой театр’ умбажээ.
Өнөөдөр Рудольф Нуреевын нэрэмжит сургууль, гудамж, музей Башкирт байдаг. Үүний зэрэгцээ Казаньд Рудольф Нуреевын нэрэмжит сонгодог балетийн наадам жил бүр зохион байгууллагддаг ажээ.
Холбоотой мэдээ