БНСУ-ын цахим бирж дээрх биткойны арилжааг Хойд Солонгос хакердаж болзошгүй талаар Хойд Солонгосын асуудал хариуцсан олон улсын шинжээчид анхааруулжээ.
Шинжээчдийн хэлж буйгаар цахим мөнгө биткойны ханш асар хурдтай өсч байгаа ийм үед олон улсын эдийн засгийн хоригт орсон Хойд Солонгос биткойны арилжааг хакердах эрсдэл өндөр байгаа гэнэ.
‘Валютын хомсдолд орсон Хойд Солонгост энэ нөхцөл байдлаас гарахын тулд цахим мөнгийг хулгайлж, хакердаж, ам.доллар, иен, юань зэрэг гадаад валют болгох ганц арга үлдсэн. Ганцхан жишээ хэлэхэд 2017 оны тавдугаар сард “Lazarus Group”-ийн файл барьцаалагч “WannaCry” вирус дэлхийн 150 орны засгийн газар болон бизнесийн байгууллагуудыг хакердсанаас 200,000 хүний хувийн мэдээлэл алдагдсан.
Windows үйлдлийн систем бүхий компьютеруудын файлыг барьцаалж маш хурдацтайгаар олон компьютерийг хамарсан “WannaCry” халдлагын ард Хойд Солонгосын “Lazarus Group” хакерын бүлэглэл байгааг тогтоосон бөгөөд энэ бүлэглэл “Нуугдсан кобра”, “Энхийн хамгаалагчид” хэмээх нууц нэрээр зард гарсан. Тэд бол 2009-2013 онд БНСУ-ын засгийн газрыг, 2014 оны “Sony Pictures” мөн Бангладеш, Вьетнам, Эквадорын төв банкуудыг хакердсан бүлэглэл юм.
БНСУ-ын интернэт ба аюулгүйн байдлын агентлаг өнгөрсөн долоо хоногт анхааруулга гаргаж, Хойд Солонгосын хакерууд 2018 онд тус улсын интернэт орчин тэр дундаа цахим бирж дээрх биткойны арилжааг хакердах өндөр эрсдэл байгаа гэсэн юм.
Эх сурвалж: The KoreaTimes