Б.Мөнх-Эрдэнэ: Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Б.Мөнх-Эрдэнэ: Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн

Б.Мөнх-Эрдэнэ: Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн

“Солонгос хоолны газруудад босго тавих ресторан” гэсэн гарчигтай нийтлэлийг “Нийслэл guide” сэтгүүлээс олж уншсан нь энэхүү ярилцлагын угтал боллоо. Үнэгүй тараагддаг тэрхүү сэтгүүлийн нийтлэлийг сонирхож уншсан биш эндээс хоёр зүйлийг олж мэдлээ. Нэг нь, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа солонгос ресторанууд махаа амтлахын тулд амтлагч, соус ихээр хэрэглэдэг. Амтлагч ихээр хэрэглэхээр хүн тамхинд орох лугаа адил донтон, дахин дахин идэх хүсэл төрдөг юм байна. Нөгөө нь, энэхүү рестораныг БНСУ-ын Хүнсний технологийн дээд сургууль, Монгол Улсын Техник технологийн политехник коллеж хамтран нээжээ. Шинжлэх ухааны үндэстэй томоохон төсөл гэж хэлж болмоор юм байна. Солонгос жишиг ресторан болгох зорилгыг тавьж байгаа аж. Сэтгүүлээс олж мэдсэн нь энэ.

Харин энэ рестораны ахлах тогооч нь Техник технологийн политехник коллежийн төгсөгч 21 настай хүү, тэр хүү Дэлхийн ур чадвар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан гэдгийг хожим мэдсэн юм. Сүүлийн үед Дэлхийн ур чадвар тэмцээний тухай манайхан багагүй мэдээлэлтэй болоод байгаа. Иймд түүнтэй уулзаж энэ талаар ярилцана гэж бодож байсангүй. Бидний санамсаргүй уулзалтаар юу ярьсныг таалан сонирхоно уу. 

-21 настай хүү ахлах тогооч хийж байгаа нь бахархалтай санагдлаа. Өөрийгөө уншигчдад товч танилцуулахгүй юу?

-Би есдүгээр анги 2012 онд төгсөөд Техник технологийн дээд сургуульд элсэн суралцсан. Нийт 2.5 жил сурсан л даа. Суралцах хугацаандаа хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Анхны тэмцээн болох Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нь санаанаас гардаггүй юм. Мөн “Монгол ур чадвар” улсын уралдаанд түрүүлж, 2015 онд Бразилийн Сан Паоло хотод болсон Дэлхийн ур чадвар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан.

-Тогооч нар ур чадварын хувьд төрөлжиж байх шиг ажиглагддаг. Өөрөө аль чиглэлийн хоолны тогооч гэж явдаг вэ?

-Би Ази хоолны тогооч. Сургуулиа төгсөөд бараг гурван жил япон хоолны ресторанд ажилласан. Япон болон солонгос хоолны язгуур нь нэг учир нэг их хүндрэл гардаггүй.

-Тогооч мэргэжлийг яагаад сонгосон бэ. Өлсөж, ундаассан хүнийг хооллож, ундалдаг буянтай ажил гэж би боддог?

-Багаасаа хоол хийх сонирхолтой хүүхэд байсан. Нэг удаа ээж маань хоол хийхэд нь би материалаас нь жаахныг тасдаж аваад өөрөө зохиомжлоод хоол хийсэн юм. Манай гэрийнхэн тэгэхэд “Маш сайхан амттай болсон байна” гэж урамшуулж байсан. Түүнээс хойш хоол хийх нь хобби болсон гэх үү дээ. Есдүгээр анги төгсөх жилээ Техник технологийн дээд сургуулийн тухай найзаасаа олж мэдсэн. Сайн сургалттай, материаллаг бааз сайтай гэж сонссон. Энэ сургуульд орж сурсан нь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт болсон гэж боддог. Манай сургууль онол, дадлагыг 50, 50 хувьтай хослуулж хичээлээ заадаг. Сайн тогооч болоход дадлага, бодит байдал дээр хийж үзэх нь хамгийн чухал байдаг. Зарим сургуулийг сонсож байхад материаллаг бааз муу, суралцагчдынхаа хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнийг авч өгч чаддаггүй гэсэн. Манай сургуулийн хувьд ийм зовлон байдаггүй. Бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийж сураад төгсдөг. Миний амжилттай сайн яваа нь сургуультай маань шууд холбоотой. Иймээс одоо хүртэл сургуулийнхаа үүсгэн байгуулсан ресторанд ажиллаад явж байна.

-Тогооч мэргэжилд хөтлөн оруулсан багш нарынхаа тухай ярихгүй юу?

-Хоолны цагаан толгойг заасан багш маань Э.Цолмон. Багш маань тэмцээн, уралдаанд шавь нараа оролцуулж байсан туршлага ихтэй. Интернэтээс янз бүрийн жор олоод бид түүн дээр нь ажилладаг байсан. Э.Цолмон багш маань одоо Америкт мэргэжил дээшлүүлж байгаа. Дэлхийн ур чадвар тэмцээний эксперт багшаар Л.Ганцолмон багш маань ажилласан. Багшаасаа маш их зүйлийг сурсандаа баярлаж явдаг.

-Дэлхийн ур чадварын тэмцээни тухай хэд хэд дурдагдлаа. Хэрхэн оролцож байсан бэ?

-41 орны оролцогчидтой өрсөлдсөн. Гурван өдөрт найман төрлийн хоол хийсэн. Анх удаа олон улсын тэмцээнд оролцож байгаа болохоор сандрах үе тохиолдож байсан. Биднийг Монголд бэлдэхдээ йогийн хичээл орсон юм. Тэр маань хэрэг болсон. Сандарсан үедээ зааж өгсөн дасгалыг нь хийгээд тэмцээнийхээ даалгаврыг амжилттай гүйцэтгэж байсан. Тэмцээн маань Бразильд болсон. Иймээс халуун газарт дасгахын тулд Монголын хамгийн халуун цэг-Дархан хотод бэлтгэл хийлгэж байсан. Энэ бас тусаа өгсөн гэж миний хувьд боддог.

-Тэмцээнээс хойш хоёр жил өнгөрчээ. Дэлхийн ур чадвар тэмцээнд чам юу өгсөн гэж боддог вэ?

-Амьдралыг минь өөрчилсөн гэж хэлж болно. Өөр улс оронд очсон гэдэг утгаараа юм үзэж, нүд тайлсан. Мөн тогоочийн үр бүтээмжийг нэмэгдүүлэх техник, технологийн дэвшлийг мэдэрч, өөрсдийгөө хаана явааг олж мэдсэн. Хоолны орц, материалын нэрийг олон улсын нэршлээр нь хэлж мэддэг болсон. Өөр олон зүйл нэмэгдсэн байх. Одоо ингээд ажиллаж байгаа маань ч тэр тэмцээний үр нөлөө байх /инээв.сур/.

-Танай ресторан өөрийн онцлогтой юм билээ. Энэ тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Манайх Монголдоо солонгос жишиг ресторан болох зорилготой. Манай ресторанд солонгос тогооч ажилладаг. Солонгосчуудын ажигласан нэг зүйл бол монгол малын мах хурц үнэртэй байна. Бид үүнийг нэг их анзаардаггүй ч биднийг гадаадад очихоор үнэртдэг гэдэг шүү дээ. Иймд монгол малын махыг солонгос технологиор боловсруулж байна. Манай онцлог бол шинэ махаар хоол шууд хийдэггүй. Заавал угааж, цэвэрлэдэг. Ямар хоол хийхээс хамаарч махаа боловсруулдаг технологитой. Малын цусны үнэр махны чанарт нөлөөлдөг. Иймээс цуснаас нь цэвэрлэж боловсруулж байна. Ингэж байж жинхэнэ солонгос амт мэдрэгддэг. Солонгос улсаас ирсэн нэг үйлчлүүлэгч “Солонгост байгаа юм шиг мэдрэмж төрлөө” гэж манай зөөгчид хэлсэн байсан. Мөн манайх хоол бүрт тохирсон соус, амтлагч хэрэглэдэг. Бусад ресторанууд гадуур худалдаалж байгаа бэлнийг худалдаж авдаг юм билээ. Тэр нь Хятад улсад үйлдвэрлэсэн байдаг. Манайх бол соус, амтлагчаа өөрсдөө хийдэг. Энэ бол маш нарийн технологитой ажил. Хөргөгчинд удаан хадгалсан махаа ресторанууд амтыг нь дарахын тулд амтлагч их хийдэг. Амтлагч их хийсэн хоолонд хүн донтдог, дахин дахин идмээр хүсэл төрдөг. Энэ бол хүний биед маш муу. Харин манайх бол хүний биед тустай жинхэнэ ориг солонгос амтыг танд мэдрүүлж чадна гэж хэлмээр байна. Ингэж хэлэхээр ресторанаа рекламдаж байгаа юм шиг сонстож магадгүй. Гэхдээ та бүхэн хүрэлцэн ирснээр өөрийн биеэр мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. 

-Өөр танай ресторан ямар онцлогтой вэ?

-Ресторан маань нэг ёсны манай сургуулийн сургалт, судалгааны төв юм. Би дадлагажуулагчийн үүрэг давхар гүйцэтгэдэг. Яг одоо гэхэд манай сургуулийн хоёр оюутан уртын дадлагаа хийж байгаа. Оюутнуудыг дадлагад гаргахаар зарим ресторанууд гарын дор ажил хийлгэж, зарж байгаад, сайн зааж сургасан зүйлгүй явуулчихдаг тал байдаг. Манай сургуулийн удирдлагууд тэр доголдлыг арилгах гэж энэ рестораныг нээсэн юм. Ресторан нээсэн бас нэг зорилго нь энэ гэсэн.

-Рестораны зорилго энэ юм байж. Чиний өөрийн цаашдын зорилго юу вэ?

-Ази хоолны тогоочоороо цаашид ажиллана. Ажлын хангалттай туршлагатай болж байгаад өөрийн ресторанаа нээнэ гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Зорилгоо биелүүлээрэй.

Д.Төв

Эх сурвалж: ZALUU.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж