Кембрижийн хөтөлбөрийг 30 сургуульд туршина

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Кембрижийн хөтөлбөрийг 30 сургуульд туршина

Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр Кембрижийн боловсролын элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас Кембрижийн Олон Улсын хөтөлбөрөөр хичээллэх хос хэлний сургалтын систем бий болгох бодлогыг Кембрижийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх туршилтын ажлыг энэ оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

Стандарт хөтөлбөрийг шинэчлэх туршилтийг аймгийн төв бүрээс тус бүр нэг, Улаанбаатар хотоос ес зэрэг энэ хичээлийн жилд сонгогдсон 30 сургууль дээр тав, аравдугаар ангийн Математик, Англи хэл, Байгалийн шинжлэл, Хими, Физик, Биологои, Газарзүй, Түүхийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн турших ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Цаашид хичээлийг монгол, англи хос хэлбэрээр хичээллэдэг болох аж. “Сонгогдсон сургуулиудад гурван  жилийн хугацаанд туршилт хэрэгжүүлэх бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулиуд олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ” гэж БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэлж байсан.  Мөн ерөнхий боловсролын сургуулийн  багш нарыг мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх, багш бэлтгэх их, дээд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх, сурах бичгийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийг өөрчлөх, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, боловсролын институцуудын чадавхийг сайжруулах ажлыг хэрэгжүүлэх гэнэ. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр, Англи, Монгол хос хэл дээр сургалтаа зохион байгуулах төрийн өмчийн  хоёр сургуулийг шинээр байгуулна. Эдгээр сургуулиудийн VII ангид суралцах 80 сурагч, VIII ангид суралцах 80 сурагч, IX ангид суралцах 105 сурагч болон тухайн сургуулиудад ажиллах багш нарыг сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан зохион байгуулахаар болжээ. Шалгалтыг энэ сарын 27-нд Боловсролын үнэлгээний төв зохион байгуулах юм байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж