Б.Батбилэг: Бидний ярьсан зүйлд инээгээд, хацар нь чилэхийг харахад маш гоё байдаг

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Б.Батбилэг: Бидний ярьсан зүйлд инээгээд, хацар нь чилэхийг харахад маш гоё байдаг

Б.Батбилэг: Бидний ярьсан зүйлд инээгээд, хацар нь чилэхийг харахад маш гоё байдаг

Монголд хошин шог урлагийн “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубынхан гурван нас хүрчээ. Одоо долоо хоног бүр залуусын шимтэн хүлээдэг шоу тоглолтын нэг болж чадсан байна. Ингээд уг клубыг үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу.  Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Яагаад “Стэнд Ап” төрлийг сонгож, UB Comedy клубийг байгуулах болов?

– Сайн байна уу. Ер нь багын л алиадуу, инээх дуртай хүүхэд байсан. Хошин шог тэр дундаа ганцаарчилсан төрлийн хошин шог (Stand up)-ийг өсвөр насандаа их үздэг байсан нь хамгийн том нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Тухайн үед Америкийн хошин шогчдын бичлэгийг Youtube-ээр их үздэг. Тэгээд Монголд ийм төрлийн шоу байдаг ч болоосой, үзэх юмсан гэж их боддог байлаа. Ингээд 2013 онд аав ээж хоёрынхоо ачаар АНУ-д анх удаа 2013 оны өвөл очих завшаан олдсон. Тухайн үед би АНУ-д очвол заавал Стэнд Ап тоглолт үзнэ гэж өөртөө андгайлж байв. Лос Анжелес хотод очсон даруйдаа алдарт “Laugh Factory” клубт жинхэнэ амьд Стэнд Ап тоглолт үзээд, энэ төрлийн шоуг Монголдоо хийж болох юм байна гэж бодсон. Тэр үеэс бүр ч илүү сонирхож улам бүр хөгжүүлэх хүсэлд хөтлөгдсөн.

Дараа нь Youtube-ээр “Хэрхэн Стэнд Ап хийж эхлэх вэ” гэх мэтчилэн зөвлөгөөг үзэхэд хамгийн эхний алхам нь Нээлттэй Микрофоны хөтөлбөр зохион байгуулдаг кофе шоп эсвэл бааранд очоод үзэгчдийн өмнө тайзан дээр гараад үз гэж байсан. Тэгээд анх ‘The Basement’ гэдэг газар UB Comedy нэрийн дор тоглолт хийж эхлэхээсээ өмнө Comedy Open Mic буюу хүссэн хүн бүр гарч болох нээлттэй төрлөөр эхлүүлж байсан. Эхэндээ найзуудынхаа хүрээнд 5-10 хүний өмнө тайзан дээр гардаг байлаа. Тэр үед ихэнх хүмүүс миний хийж байгаа юмыг нэг их ойлгодоггүй байсан, би ч тийм ойлгомжтой  байгаагүй байх л даа. 2014 оны зунаас UB Comedy клубийг албан ёсоор үүсгэж, ийм төрлийн Стэнд Ап хийдэг хүмүүсийг нэгтгэж шоу хийе гэж зорьсон юм. Манай одоогийн гишүүд маань ч намайг олсон. Тоглолтынхоо өмнө би өөрөө тайзаа засаад, мужаан дээр очиж тайзаа хийлгүүлдэг байлаа. Мөн том цэнхэр хөшиг оёулаад л … /инээв/

-Комеди клуб энэ бага хугацаанд амжилттай ажиллаж чаджээ. Саяхан “Big Show” тоглолтоо хийсэн санагдаж байна. Одоогийн байдлаар ямар баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Тийм шүү. Долоо хоног бүр тоглолтуудаа хүргэхээс гадна өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 5 удаа BIG SHOW тоглолтоо зохион байгуулсан хамгийн сүүлд өнгөрөгч 10-р сард “Big Show Намар” тоглолтоо Корпорейтийн концертын их танхимд хоёр хоног хийсэн. Биднийг үргэлж дэмждэг, урам хайрладаг үзэгчдэдээ маш их баярладаг. Баг бүрэлдэхүүний хувьд одоогоор тайзан дээр арвуулаа гардаг болсон дөнгөж эхэлж байхдаа ядаж гурвуулаа болчих юмсан тэгвэл арай нэг шоу шиг болно доо гэж боддог байсан бол одоо Идэрээ, Дээгий, Хану, Тулгаа, Төөгөө, Ганга, Амраа, Оля, Жааки, Содоо … гээд олуулаа болжээ. Нэг л мэдэхэд бие биеэ олоод сайхан баг бүрдүүлчихсэн байна.

-Анх тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж байв. Энэ төрлийг Монголчууд төдий л сайн ойлгодоггүй байсан шүү дээ?

-Маш их сандарсан. Намайг анх тайзан дээр гарахад тайз байгаагүй. /инээв/ Дижэй хөгжмөө тавьдаг ширээний ардаас ярьж байсан. Гэхдээ хүмүүсийн өмнө гараад шууд тэднийг инээлгэнэ гэдэг хэцүү юм билээ. Юу ярихаа мэдэхгүй шууд л ус руу үсрээд орохтой адил байсан шүү. Эхэндээ живэх гэж байгаа юм шиг санагддаг байсан. Хүмүүс урдаас “за инээлгээрэй” гээд хараад байхаар ярих гэж байсан юм аа мартаад, гацах түүнээсээ болоод бантаад, хэцүү байсан үе зөндөө бий. Эхний жилийг даваад арай гайгүй болж эхэлсэн. Гэхдээ одоо ч айж сандардаг хэвээрээ л дээ.

-Цаашид энэ чиглэлээр дагнан ажилласаар байх уу. Та нарын дунд урлагийн мэргэжилтэй хүн байхгүй гэж сонссон?

-Бидний дундаас урлагийн тэр дундаа жүжигчин мэргэжилтэй хүн байхгүй. Бүгд өөр өөр мэргэжилтэй. Би өөрөө маркетингийн чиглэлийн хүн. Залуу насандаа зөвхөн нэг мэргэжил, нэг зүйлд баригдаад өөрийгөө хязгаарлах бус бусад салбарт өөрсдийгөө сориод үзэхэд яагаад болохгүй гэж. Тэрбумтан Жек Магийн  хэлсэнчлэн 20-30 нас бол юм юмыг туршиж үзээд түүнээс алдаа оноогоо хараад туршлага цуглуулах үе гэж хэлсэн байдаг. Би энэ үгтэй санал нийлдэг учраас аливаа уран бүтээл тэр дундаа шинэ зүйлс туршихад мэргэжил, нас хүйс хамаагүй гэж боддог. Бид нар орой цуглараад тоглолтоо хийгээд явдаг. Манайхан өөр өөр салбарын хүмүүс байдаг болохоор тоглолтын агуулгыг улам бүр баяжуулдаг.

-Та нарын анх ярьдаг байсан сэдэв, санаа улам л өргөжиж байгаа санагддаг. Сэдэв, санаагаа хаанаас хэрхэн олж авдаг вэ?

-Бидний амьдралаас урган гардаг даа. Жишээлбэл өөрт тохиолдсон, нийгэмд байгаа зүйлээс санаа аваад тайзан дээр хошин байдлаар хүргэдэг. Ер нь өөрт тохиолдсон бүтэлгүйтсэн явдлаа найруулж инээдтэй болгох гэж хичээдэг. Харсан, ажигласан зүйлсээ эсвэл хүмүүсийн зан араншин, хоорондын харилцаа ч гэдэг юм уу хүмүүсийн аж байдлыг байнгын ажиглаастай. Мөн Стэнд ап-ын онцлог нь ганц хүн тайзан дээр гараад өөрийнхөө зохиолыг бичиж, өөрөө найруулж, түүнийгээ жүжиглэлттэй хослуулан  хүргэдэг.

-Нэг үеэ бодвол UB Comedy-гийн талаар хүмүүс мэддэг болчихлоо. Залуус ч танай тоглолтыг тэсэн ядан хүлээдэг болсон байна. Харин та бүхний хийж буй ажил  амьдрал чинь өөрчлөлт гаргав уу?

-Мэдээж гаралгүй яахав. Анх хийж эхлээд үүнийгээ юу ч болоогүй байхад нь хаясан бол миний амьдралд энэ боломжууд нээгдэхгүй байсан. Одоо мөрөөдлийнхөө амьдралаар амьдраад явж байна гэж боддог. Дөрөвхөн жилийн өмнө энэ бүхэн мөрөөдөл байлаа. Тэр үетэй харьцуулахад миний амьдрал шал өөр болсон.

-Зарим та бүхний элэглэлд хараалын үгс их орсон байдаг. Энэ нь хүүхэд багачуудад муугаар нөлөөлж байна гэх шүүмжлэл ирдэг байх. Комедигоор дамжуулж үзэгчдэд юуг хүргэхийг чухалчилж байна вэ?

-UB Comedy клубийн тоглолт зөвхөн насанд зориулагдсан байдаг. Аль болох л хүүхдүүдэд үзүүлэхгүй байхыг хичээдэг, гэхдээ хүүхдүүд үзэх ёсгүй юмаа үзчихсэн л байдаг шүү дээ. Тэр магадгүй бидний сул тал байх. Бид аль болох тиймэрхүү үг хэллэгүүдийг зохистой үед нь хэрэглэх, хэт их хэлэхгүй байхыг хичээдэг. Миний бодлоор хошин урлаг өөрөө их ид шидтэй. Стресс, уур, бухимдал, инээдэм болгон хувиргадаг. Тэгэхээр л сонин байгаа биз дээ. Муу юмыг сайн болгож хувиргаад нэг төрлийн алхимич гэх юм уу. Бидний амьдарч буй орчноос үүдэлтэй стресс, хүмүүсийн хоорондох үл ойлголцол гээд асуудлуудыг бодож боловсруулаад тэр санаагаа хүмүүст хошин байдлаар хүргэх нь маш их сэтгэл ханамж өгдөг. Комеди бидэнд их зүйл өгсөн.

-Ямарч ажлыг хийхэд бэрхшээл тулгардаг. Одоо та бүгдэд ямар бэрхшээлтэй тулгарч байна вэ. Нэг үеэ бодвол хүн цуглуулна гэж айлтгүй болсон байх?

-Бэрхшээлтэй зүйл бараг байхгүй дээ. Байсан ч хүн өөрөө сэтгэл зүрхээ зориулаад хичээхэд ямар ч бэрхшээл саад болохгүй. Эзэн хичээвэл юу гэдэг билээ? Биднийг үзэж дэмждэг залуустаа маш их баярлаж явдаг. Нэг үеэ бодвол овоо гайгүй үзэгчидтэй болсон, цаашдаа улам хөгжөөд байвал хүн цуглахгүй гэж айлтгүй байх аа.

-Тайзан дээрээс үзэгчдийг инээлгэхэд авьяас хэрэгтэй юу. Эсвэл мэдрэмж үү?  

-Авьяас, мэдрэмж аль аль нь л хэрэгтэй. Мөн тууштай байнга сайжрах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Бас хүн өөрийнхөөрөө байгаад эхлэхээр хүмүүст таалагддаг. Үзэгчдийг татахын тулд тайзан дээр чөлөөтэй байж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Ус орсон савандаа тааруулан хувирдаг тиймээс Ус шиг биегүй бол гэж Брьюс Ли хэлдэг дээ. 

-Ярилцсанд баярлалаа.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж