“Эрдэнэт” үйлдвэрийн ашиг 273 тэрбумаар өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн ашиг 273 тэрбумаар өсчээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ашиг 273 тэрбумаар өсчээ

Уул уурхайн гол түүхий эдүүдийн зах зээлийн ханш ойрын хоёр жилдээ тогтвортой байж, түүнээс олох орлого ч чамлахааргүй хэмжээнд байх прогноз ажиглагдаж эхэллээ. Нүүрс, алтны хувьд барьцгүй ч нэг тонн зэсийн үнэ 6500 ам.доллараас буухгүй, өснө. Эрэлтээ дагаад өссөн түүхийн эдийн ханш тогтвортой үед зөв тоглолт хийж хөрөнгө оруулагчдыг татаад зогсохгүй одоогийн уул уурхайд түшиглэсэн үйлдвэр, төслөө эрчимжүүлэх шаардлагатай гэж салбарынхан нь тооцжээ. Энэ ажлын эхлэл болсон “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж”  олон улсын бизнес форум өчигдөр /2017.12.13/ Орхон аймагт эхэллээ. Форумын эхний өдөр уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин болоод “Эрдэнэт” үйлдвэрийн эрдэс баялгийн нөөц, технологийн шинэчлэл, цаашдын хөгжлийг онцлон хэлэлцэв. Харин өнөөдөр тус үйлдвэрт хэрэгжүүлэх шинэ төслүүд, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах тухай салбар хуралдаанууд болох юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэт” үйлдвэр хамтран зохион байгуулж буй энэ форумд 14 орны 40 гаруй компанийн хөрөнгө оруулагчдын төлөөлөл, уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид оролцож байна.  


“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын талд шилжсэн ч, хувьцаа эзэшигчдийн асуудал нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй л байгаа. Маргаантай хэдий ч ОХУ-ын мэдэлд байсан тус үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшилд шилжиж ирснээр нэг жилийн цэвэр ашиг нь 273 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 2016 онд тус үйлдвэр 27 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2017 онд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломж бийг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага хэллээ. Тэдний ярьснаар, тус үйлдвэрийн менежментэд өөрчлөлт орсноор инженерүүд нь өөрсдөө техник, технологийн шинэчлэлээ хийж, уян хатан ажиллах боломж бүрдсэн байна. 

Хэдий ашиг нь нэмэгдсэн ч олборлож буй хүдрээс гарах металлын агууламж буурах болжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн орлого урт хугацаандаа хумигдах эрсдэлтэй болсныг “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Эрдэнэцогт форумын үеэр онцолсон юм. Тиймээс яаралтай хүдрийн нөөц, баялгаа тогтоохоор бэлтгэл ажлаа базааж эхэлсэн гэв. Дараа нь баяжуулах үйлдвэрийн технологийг шинэчилж, ил уурхайд бутлах болоод тээвэрлэлтийн шинэ системийг нэвтрүүлэх аж. Нөгөө талдаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн техник, технологийг ашиглан хүдрээс гаргаж авах металлын агууламжаа сайжруулах зорилготой гэлээ. Жилээс жилд баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгддэг ч, ашигладаг техникийн 70 хувь нь элэгджээ. Хуучирсан технологоо сэлбээд энэ чигээрээ цаашаа явбал үйлдвэрийн урсгал зардал улам нэмэгдэж, “Эрдэнэт” үйлдвэр алдагдалд орох эрсдэлтэй юм. Мөн ил уурхайгаас гарч буй исэлдсэн хүдрийг болон зэсийн баяжмалыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох төслүүдийг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн боловсруулжээ. Тэд жилд 130 сая тонн зэс үйлдвэрлэж, хоногт 80-90 тонн хүдэр, 1700-1800 тонн зэсийн баяжмал, 12-15 тонн молибдений баяжмал гаргаж авдаг. Ингээд хоногт 30 вагон зэсийн баяжмалыг экспортод гаргадаг юм. Мөн хилээр гаргах зэсийн баяжмалын тоогоо нэмэхийн тулд  үйлдвэрлэлээ тэлж, хөрөнгө оруулалтыг татах хөгжлийн 15 жилийн төлөвлөгөөг боловсруулсан байна.  

Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр

Ирээдүйн энэ зураглалаа тус компанийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр танилцуулсан юм. Олон улсын зөвлөх үйлчилгээний компанийн дэмжлэгтэйгээр энэхүү үндсэн чиглэлийг боловсруулсан. Ойрын хугацаанд компанийн ТУЗ-д танилцуулж, батлуулахаар ажиллаж буйгаа дуулгав. Тэрбээр “Ирэх 15 жилийн үндсэн чиглэлийн гол зорилт нь орд газрынхаа үндсэн нөөцийг бүрэн тогтоон, ашиглах явдал юм. Байгаль орчинд хохирол багатай, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорилт тавьсан. Үүнээс гадна үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад гол анхаарлаа хандуулна” гэлээ. Энэхүү үндсэн чиглэлийг бодит ажил хэрэг болгож чадвал компанийн санхүүгийн үзүүлэлтийг өсгөх боломжтой аж.

2008-2012 оны үед Монгол Улс уул уурхайн салбараасаа их наяд давсан хэмжээний мөнгөн орлогыг олдог байсан. Тэгвэл 2017 оны эхний арван сард тус салбараас нэг их наяд төгрөгийн татварын орлого улсын төсөвт оржээ. Энэ мөнгө ирэх онд хоёр их наядад хүрэх боломж бийг уул уурхайн салбарынхан онцолж байлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж