Агаар шүүгчтэй цэцэрлэгийнхэн томуу тусах нь бага байна

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Агаар шүүгчтэй цэцэрлэгийнхэн томуу тусах нь бага байна

Агаар шүүгчтэй цэцэрлэгийнхэн томуу тусах нь бага байна

Зургаан настай бяцхан сурагчид ангидаа шаагилдаж, багшийн чимээгүй хичээлээ хийгээрэй гэх хоолой сонсогдоно. Дээрх анги бол Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн 1 ‘А’ бүлэг юм. Анги нийт 42 хүүхэдтэй, сүүлийн үед ирц бүртгэх дэвтэрт өвчтэй хүүхэд бараг бүртгэгдэхээ больсон гэж ангийн багш нь  хэлж байлаа. Учир нь ангидаа агаар шүүгч тавьснаас хойш хүүхдүүд ханиад, томуу хүрэх нь эрс багассан гэнэ.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Түмэнжаргал “Арваннэгдүгээр сарын эхээр таван агаар шүүгчийг хүлээж авсан. Манай сургуульд нэг ангид нэг, хоёрдугаар ангийнхан үдээс өмнө, үдээс хойш  ээлжилж хичээл нь ордог. Нийт 400 орчим хүүхэд сургуульд хамрагдаж байна.

Бага насны хүүхдийн эрүүл мэндэд тустай байх болов уу гэж үзээд таван агаар шүүгчийг бага сургуулийн таван ангид тавьсан. Боломжтой бол агаар шүүгчийг бүх ангидаа тавимаар байна. Энэ талаар санал хүсэлтээ холбогдох хүмүүст хүргүүлсэн. Хариугаа хүлээж байна” гэж хэллээ. Агаар шүүгч нь дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд арваннэгдүгээр сарын эхээр тараагдсан 750 ширхэг  агаар цэвэршүүлэгчийн нэг юм байна.

Бид дараа нь Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт очив. Цэцэрлэг найман бүлэгтэй, 12 багштай, нийт 370 гаруй хүүхэдтэй юм байна. Найман бүлэг тус бүрд агаар шүүлтүүр байрших аж.

2016 онд анх дөрвөн ширхэг агаар шүүгч тавьжээ. Харин өнгөрсөн сарын эхээр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийнхөнтэй хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дөрвөн ширхэг агаар шүүлтүүрийг нэмж байршуулжээ. Эхний жилдээ цэцэрлэгт дөрвөн агаар шүүгчийг туршилт хэлбэрээр хэрэглэж, байжээ.

Агаар шүүгч 550 мянга орчим төгрөгөөр үнэлэгддэг гэв. Л.Алтанцэцэг багштай бэлтгэлийн А бүлэг рүү ортол хүүхдүүдийн унтлагын цагаар таарлаа. Энэхүү анги нь 46 хүүхэдтэй. Өнөөдрийн  байдлаар 38 хүүхэд ирсэн байлаа.

Тус цэцэрлэгт өнгөрсөн жил дөрвөн агаар шүүгчид нэг ширхэг агаар хэмжигч буюу бидний хэлж заншсанаар утаа хэмжигч өгчээ. Агаар цэвэршүүлэгчийг асаасан үед агаар хэмжигч 200 дотор заадаг гэнэ. Харин агаар цэвэршүүлэгчийг асаагаагүй үед бусад өрөөнд явахад 300-450 хооронд заадаг бол  өглөө, орой айлуудын  галлагааны үеэр хэмжихэд 550-600 заадаг гэнэ. Агаар хэмжигчийг, агаар шүүгчийн хажууд тавих үед 200-96 хүртэл буурч байлаа.

Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн эмч Г.Амгалан

Цэцэрлэгийн эмч Г.Амгалан “Агаар шүүгчийг өдрийн найман цагаар ажиллуулдаг. Долоо хоногтоо  нэг удаа цэвэрлэнэ. Гурван давхар шүүлтүүртэй гэдгээрээ ихээхэн онцлог. Сэнснийх нь хурд гурван хэмжээсээр хэмжигддэг. Хүүхдүүд  унтаж байгаа үед агаар шүүгчийн  сэнсийг нэг зураасан дээр байлгадаг.  Харин хүүхдүүд  сэрүүн байгаа  үед агаар шүүгчийн гурван зураасан дээр байлгаснаар  агаарыг илүү  хурдан цэвэрлэдэг” гэж байлаа. Мөн өндөр нягтаршилтай, утаа, тоос тоосонцор бохирдлыг шүүж цэвэршүүлэхийн зэрэгцээгээр агаарыг чийгшүүлдэг гэнэ.

Агаар цэвэршүүлэгчийн доторх гурван шүүлтүүрийг   задалж тайлбарлавал  хамгийн эхний шүүлтүүр цаасан шүүлтүүр,хоёр дахь  нь  нүүрсэн шүүлтүүр, харин   хамгийн сүүлийнх нь сүүлийн үеийн  нарийн технологиор  хийгдсэн  төмрөн шүүлтүүр байх аж. Энэ гурван шүүлтүүр нь тус бүрдээ нэг  запаастай ирдэг бөгөөд   агаар шүүгчийг хамгийн багадаа 18 сар  болоод сольдог юм байна.

Агаарын бохирдол өндөртэй бүсийн сургууль, цэцэрлэгт агаар шүүгч тавьсан нь агаарын бохирдолтод, өртөмхий, эмзэг бүлэг гэгддэг 2-5 насны 12 мянган хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болсон гэдгийг Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн удирдлагууд, Чингэлтэй дүүргийн 102 цэцэрлэгийн багш ажилчид онцолж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж