Хойд Солонгосын агаарын орон зайд “нислэггүй бүс” буюу нисэх онгоц зорчихыг хориглосон хязгаарлалт тогтоож магадгүй хэмээн Сөүлийн тал мэдээлжээ. Пхеньяны баллистик пуужингийн туршилт хийх давтамж нэмэгдсэн нь олон улсын агаарын тээврийн аюулгүй байдалд заналхийлж байгааг Сөүл мэдээлжээ. Хойд Солонгосын эрх баригчид баллистик пуужингийн туршилт хийхдээ олон улсад анхааруулж, мэдэгдэх нь ховор. Тиймдээ ч Украинд сүйрсэн нисэх онгоцны осол давтагдах эрсдэл өндөр юм. Одоогоос гурван жилийн өмнө Малайзын агаарын тээврийн Боинг-777 Украины зүүн хэсгийн дээгүүр нисч яваад пуужинд оногдон сүйрсэн. Малайзын “МН17” нислэгт 298 хүн зорчиж явсны 80 нь хүүхэд, 15 нь онгоцны багийн гишүүд байв.
Эмгэнэлт осол давтагдаагүй боловч гарах эрсдэл өндөр байгааг хэд хэдэн тохиолдол сэрэмжлүүлж байна. Хонгконгийн “Cathay Pacific Airways” компанийн нисгэгчид өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын харвасан баллистик пуужинг харсан талаараа тэмдэглэлдээ бичжээ. Тухайн үед Тайванийн China Airlines’ компанийн Ванкуверээс, Eva Air компанийн Сиэтл хотоос Тайбэй хотод ирэх нислэг, Японы All Nippon Airways’ компанийн Токиогоос Франкфурт хүрэх нислэгүүд агаарт явж байжээ. Үүнээс ноцтой тохиолдлууд ч гарсан. Тухайлбал, Хойд Солонгос өнгөрсөн наймдугаар сард баллистик пуужин харвасан нь Францын “Air France” компанийн 330 гаруй зорчигчтой Боинг-777 нисэх онгоцтой мөргөлдөх шахсан. Францын нисэх онгоц Хойд Солонгосын баллистик пуужинтай 100 км ойртож очсон ч азаар 10 минутаар хоорондоо зөржээ. Мөн 2014 онд 220 зорчигчтой Хятадын “Airbus 321” нисэх онгоц Хойд Солонгосын баллистик пуужинтай зургаан минутын зайтай зөрч өнгөрсөн байв.
Хойд Америк, Азийг холбосон агаарын тээврийн идэвхтэй бүсэд Хойд Солонгос оршдог аж. Хэдийгээр Хойд Солонгосын дээгүүр агаарын орон зайд олон улсын нислэггүй боловч эргэн тойронд нь хөдөлгөөн ихтэй. Хэрэв Хойд Солонгосын эсрэг хориг тавихаар бол НҮБ-ын тусгай агентлаг болох Иргэний нисэхийн олон улсын байгууллагын (ICAO) шийдвэрт үндэслэх ёстой аж. Ингэхдээ Хойд Солонгос руу орох, гарах болон эргэн тойрны олон улсын нислэгт анхаарал хандуулах аж. Тус байгууллагаас Хойд Солонгосын дээгүүр нислэггүй бүс зарлаж магадгүй талаар анх Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) ерөнхий захирал Александр де Юньяк мэдэгджээ. Тэрбээр Хойд Солонгост баллистик пуужин харвахдаа анхааруулах мэдэгдэл өгч байхыг шаардаж байгаа аж.
Агаарын тээврийн компаниуд орон нутгийн болон олон улсын байгууллагаас өгсөн анхааруулга дээр үндэслэн нислэгийн чиглэлээ өөрчлөх боломжтой. Гэхдээ Хонгконгийн агаарын тээврийн компани хараахан чиглэлээ өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ. Мөн олон улсын нисэхийн компаниуд ч Хойд Солонгосын пуужингийн туршилтаас шалтгаалан ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Харин 2015 онд ОХУ-аас Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг цохилт өгөх зорилгоор Каспын тэнгис орчмоос пуужин харваж эхлэхэд олон улсын агаарын тээврийн агентлагууд анхааруулга мэдэгдэл гаргаж байв.