"Өдрийн зээлийн ард томчууд байдаг"

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

"Өдрийн зээлийн ард томчууд байдаг"

"Өдрийн зээлийн ард томчууд байдаг"

Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяатай өдрийн зээлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-Өдрийн зээл авсан наймаачид мөнгө хүүлэгчдэд дарамтлуулж, хохирч байна гэж хэллээ. Өдрийн зээлийн сарын хүү нь хэд вэ. Жилийн хүү нь 360 хувь гэдэг тоо хэлчих шиг. Би буруу сонсов уу, бодит тоо юу. Энийг тайлбарлаад өгөөч?

Өдрийн зээлийн 22 хоногийн хүү 10 хувь, жилийнх нь 360 хувь болдог. Бид энэ зээлийн тухай яриад байна, харин хууль тогтоогчид банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү өндөр гэж яриад байна.

Өдрийн зээл гэдэг нь, би нэг сая төгрөгийн зээл авлаа гэхэд маргааш өдрөөс нь эхлэн 22 хоногийн турш тасралтгүй 50 мянган төгрөг мөнгө хүүлэгчид тушаах үүрэг хүлээдэг. Өдрийн зээлийн 22 хоногийн хүү нь 10 хувь байдаг. Тэгэхээр 22 хоногийн хугацаанд багтаагаад 50 мянган төгрөг төлөхөөр нийт дүнгээрээ 1.1 сая болдог.

Наймаачдын хувьд эхний өдрүүдэд 50 мянган төгрөгийн бараагаа худалдаад зээлээ төлдөг. Сүүл үе рүүгээ боломжгүй болдог. Бараа багасаад ирэхээр наймаа хагалахгүй өдөр ч гарна. 22 хоног нь болоход 1.1 сая төгрөгийнхөө 950 мянган төгрөг төлсөн байлаа гэхэд дахиад өдрийн зээл авах санал тавьдаг.

Худалдаачдын хувьд авахгүй байж болно. Гэвч наймаагаа сэлбэх, түрээснийхээ мөнгийг төлөх, гэр бүлээ тэжээхийн тулд дээрх мөнгийг авахаас аргагүй болдог. Өдөр бүр 50 мянган төгрөг төлөхөөр хуримтлал үүсэж чаддаггүй.

Дахиад нэг сая төгрөг зээлэхдээ өмнөх нэг саяын үлдэгдлийг гүйцээж төлдөг. Тэндээс эхлээд зээлийн хүү дээр хүү тооцож бодож эхэлдэг. Ингэж явсаар сүүлдээ өрийн сүлжээнд ордог. Зээлээ төлж чадахгүй болонгуут тэд ирж мөнгөө нэхнэ.

“Наймаа хагараагүй байна, маргааш нөхөөд өгье” гэхээр “Юу яриад байгаа юм, муу луйварчин минь өг” гэдэг. Бид бол луйварчид биш худалдаачид. Бололцоогоороо өгөөд л явдаг.

-Та өдрийн зээл авсан уу?

-Тийм ээ, би авсан. Шүүхийн шийдвэртэй яваа.

-Хэчнээн хүн өдрийн зээл авсан байгаа вэ?

Нийт 300 мянган худалдаачны 80 хувь нь өдрийн зээл авсан байдаг.

-Өдрийн зээл авахад шалгуур тавих уу?

-Ямар наймаа хийдэг вэ гэдгийг судалдаг юм. Барьцаа шаарддаггүй учраас худалдаачид өдрийн зээл авдаг.

Банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авъя гэхээр шаардлага маш өндөр, бүрдүүлэх материал их, барьцаагүй зээл өгөхгүй шүү дээ.

Жишээ нь, байшиндаа засвар хийе, эсвэл оюутны сургалтын төлбөр төлье гээд таван сая төгрөгийн зээл банкнаас хүсэхэд “Барьцаагүй байна” гээд өгдөггүй.

Бага хэмжээний барьцаатай бол хүссэн хэмжээний зээлээ авч чаддаггүй.

-Дарамт их гэлээ. Яаж дарамталдаг юм?

-“Би прокурор ахтай, цагдаа ахтай, миний ах тийм дарга. Миний мөнгийг өгөхгүй бол хориулна, цагдуулна, лангууг чинь хураалгана, гэрт чинь очиж эд зүйлийг чинь хураана” гэдэг. Хэлэхээс гадна хэрэгжиж байна. Гэрт нь очоод дарамталж байна. Судлаад явахаар ард нь ээж, ах, аав нь цагдаа ч юм уу тийм хүмүүстэй холбогддог. Дандаа томчууд байдаг. Энэ хүмүүсийн ард шүүх, прокурор, цагдаа байна.

Дарамт их. Худалдаагаа ч хийх боломжгүй, зугтаах тохиолдол ч гарна. Дарамтаас болж амиа хорлоё гэж ирсэн хүн ч бий. Гэр бүл нь ойлгодоггүй түүнээсээ болж зодуулна. Шүүх, Шүүхийн шийдвэр дээр очсон хүн ч олон. Бүгд л ялагддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл худалдаачдын барааны дэлгүүр болж хувирсан.

-“Би цагдаа, прокурор ахтай” гэж худлаа хэлж, нэрийг нь барьдаг юм биш байгаа?

-Үгүй.

-Өдрийн зээл хэдэн оноос анх гарсан юм бэ?

-2009 оноос эхэлсэн. Уг нь бол санхүүгийн луйвар. Жилийн 360 хувийн хүүтэй зээл шүү дээ. Харамсалтай нь, манай хууль тогтоогчид өдрийн зээл гэдгийг ойлгохгүй байна. Өнөөдөр зээл аваад маргааш өдрөөс төлж эхэлдэг гэдэг ойлголтгүй байна.

Зөвхөн банк, банк бусын зээлийн хүү өндөр тухай л ярилаа. Гэтэл нэг хэсэг нь жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээл авдаг, нөгөө хэсэг нь жилийн 360 хувийн хүүтэй зээл авдаг энэ гажуудлыг засах ёстой. Төр засаг энэ асуудлыг анхааралдаа авч, арга хэмжээ авахгүй бол Монголын худалдаачид тэр чигтээ энэ зээлээс болж, дарамтлуулж байна.

-Та бүхэн өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисст хандаж үзсэн үү?

-Хүний эрхийн үндэсний комисст нэг удаа очиж үзсэн. Оруулаагүй. Дараа нь Хүний эрхийн үндэсний комиссын хуралд очиход “Хоол идэхгүй бол хуралд сууж болно” гэсэн.

Бид хурлынх нь үүдэнд зогсоогоороо зогсож байгаад эцэстээ хурлын үйл ажиллагааг үймүүллээ гэдэг “хэрэгт” унасан учраас явахаас аргагүй болсон.

Эрхээ хамгаалуулах гэж ирсэн юм аа гэсэн чинь “Бид худалдаачдын эрхийг хамгаалдаг байгууллага биш” гэж нэг хүн нь хэлсэн. Мөн нэг хүн дараа манай даргатай уулз гэсэн.

Бид мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Худалдаачдын анхдугаар хурлыг Төрийн ордонд хийсэн. Төрийн томчуудад бүгдэд нь урилга илгээсэн ч хэн ч ирээгүй. Мэдсэн ч мэдээгүй царайлж нүдэн балай өнгөрсөн.

Саяны “Зээлийн хүүг бууруулах” тухай хэлэлцүүлгийн үеэр нэг нь “Худалдаачид баян” гэж ярилаа. Ямар юмных нь баян байх вэ дээ. Өнөө маргаашаа зогоодог л улс. Өнөөдөр зээл аваад маргаашнаас нь өдрийн зээлээ төлдөг тийм л хүмүүс.

-Цаашдаа яах вэ?

-Төрийн гурван өндөрлөг УИХ, Засгийн газрын гишүүдэд шаардлага хүргүүлсэн.

-Шаардлагад тусгасан асуудлаа дэлгэрүүлэхгүй юу?

-Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж, батлуулах. Худалдааг зохион байгуулалтад оруулах. Эрхийнхээ төлөө тэмцэж буй иргэдээ хориглож, торгож, амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаа үйл ажиллагаа даруй зогсоох. Гудамж талбайд худалдаа эрхэлж байгаа иргэдийг бүртгэлжүүлж, эдийн засгийн баталгаатай амьдрах нөхцөлөөр хангах ажлын байр бий болгох.

Хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын шүүхийн шийдвэрийг эргэж хянах, гомдол барагдуулах ажлын хэсэг байгуулж өгөхийг шаардсан.

Хэрэв энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол 300 ээж нүцгэн жагсана. Өвлийн хүйтэн байсан ч хамаагүй. Бидэнд тэмцэхээс өөр сонголт алга.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж