Улс төрийн “time out” ба У.Хүрэлсүхийн засаг

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Улс төрийн “time out” ба У.Хүрэлсүхийн засаг

Улс төрийн “time out” ба У.Хүрэлсүхийн засаг

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш үргэлж сенсаацитай, үргэлж дуулиантай байсан Монголын улс төр шинэ оны өмнөхөн түр “Time out”-тай байна. Энэ байдал хэр удахыг мэдэхгүй ч манай улстөрчид биднийгээ тэгтэл нь “уйдаахгүй” биз. Харин МАХН-ын тамгатай, тамгагүй дарга нарын дундах хэрүүл Монголын улс төрийн хоолны “хачир” төдий гээд хэлчихэд буруудахгүй байх.

Дотоод зөрчил нь Засгийн газраа огцруулж, намын даргаа огцруулах хүртлээ өндөр авсан МАН-ынхан ч одоохонд бас нам жим. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа орон гэрээ нураахдаа тулж, хулгайч, худалч, 60 тэрбумаараа дуудалцаж явсан эрх баригчид 28 дахь Их хурлаасаа хойш нам жим болсон нь сайны дохио юу, эсвэл гэдгийг хэлэхэд төвөгтэй.

Ямар ч байсан У.Хүрэлсүхийн болон Д.Хаянхярваагийн өрөөнд хоёр хуваагдаж хуралдах дээрээ хүртэл тулж явсан эрх баригч нам эвлэрээгүй ч гэрийнхээ хэрүүлийг түр намжаасан.

Бүрэн эрхийнхээ хугацааны нэг жилийг ерөнхийдөө хэрэлдэж өнгөрөөсөн МАН-д үлдсэн гурван жилд хийх ажил зөндөө бий. Тэр тусмаа хүссэн суудал болгоноо авсан У.Хүрэлсүхэд амласан амлалтаа биелүүлэх том ажил үлдсэн.

‘Өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээнэ. Бизнес дэх төрийн дарамтыг багасгаж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг өсгөнө. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно. Ипотекийн зээлийн нөхцөлийг сайжруулж, цалин тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ’. Энэ бол өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэнд амласан МАН-ын амлалт. Харин энэ бүхнийг биелүүлэх үүргийг У.Хүрэлсүх өөрөө хүссэн бас хүлээсэн.

Тиймээс шинэ засагт шинэ жил тэмдэглэх зав, боломж байхгүй. Учир нь, дээрх амлалтаас гадна өнгөрсөн жилүүдэд тавьсан өрөө төлөх өдөр нь шинэ оны маргааш. Ирэх оны нэгдүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларын өрөө төлөх бол гуравдугаар сард “Дим сам” бондын 160 сая ам.долларын өр төлөлт хийгдэнэ.

Олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх У.Хүрэлсүхийн засгийн анхны сорилт. Тиймээс улс төр түр завсарлагатай байна гэдэг У.Хүрэлсүхийн хувьд боломж. Хажуу хавирганаас хатгаж, шахаад, ажил хийлгэхгүй арсалдаад байх тусмаа У.Хүрэлсүхэд ажил хийхэд хүнд болно гэсэн үг. Тэгэхээр улс төрийн “time out”-ийг ашиглаад У.Хүрэлсүх томоохон төслүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу. Эрчим хүчний төслүүдээ хөдөлгөж, Тавантолгой, төмөр замын төслүүдээ эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа хямралаас гаргах том бодлогыг У.Хүрэлсүхээс хүлээж байгаа. Ж.Эрдэнэбатын засгаас илүү ажиллана гэж амлаж гарч ирсний хувьд улс төрийн хэрүүл намжиж, намынх нь зодоон талцал намжсаныг боломж болгох эсэхийг У.Хүрэлсүхийн бодлого л мэднэ. Танхим нь хагарч, бүлэг нь хоёр хуваагдаж, хадны дунд хавчуулагдсан Ж.Эрдэнэбатын засгийг бодвол У.Хүрэлсүхэд намын дэмжлэг дээр нь 33-ын бүлэг тэгээд иргэдийн хүлээлт байна шүү дээ.

Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг цэгцлэх, камержуулах, дөрвөн тэрбумаар агаар шүүгч авах, хэн нэгэн агентлагийн даргыг халж солих бол хоёр, гуравдугаар асуудал, салбарын сайд нарынх нь хийх ажил. Ганц шилдэг довтлогчтой байлаа гээд баг нь ялчихдаг юм биш л дээ. Багт багийн тоглолт чухал.

Тиймээс ялих шалихгүй нэр хүнд хөөцөлдсөн рекламд анхаарлаа хандуулж байхаар том төслүүдээ хөдөлгөөд ам.доллар орж ирэх сувгуудынхаа амсрыг нээх хэрэгтэй. Том төслүүдээ хөдөлгөж чадвал У.Хүрэлсүх жижиг асуудлуудаа ч давхар шийдэх боломжтой, мөнгөтэй болно. Түүнээс урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөөд явбал сүр дуулиантай, хэрүүл зодоонтой намаа авсны хэрэг 2020 онд гарахгүй. Мэдээж, ямбыг эдлэхийн төлөө зүтгэсэн хүний хувьд ялыг нь У.Хүрэлсүх ганцаараа үүрнэ шүү дээ. Яг л М.Энхболд шиг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж