Байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг.
Одоогийн байдлаар хэрэгжиж байгаа хамгийн үр дүнтэй төслийн нэг бол “Биологийн олон янзын байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл юм. Энэхүү төслийг Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрээр Төрийн хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж байгаа аж.
Уг төслийн хүрээнд 11 аймагт зориулан байдлаар 1 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий зээлийн сан үүсгэжээ. Орчны бүсийн зээлийн эргэлтийн сан гэж нэрлэгдээд байгаа энэхүү эх үүсвэрээр дамжуулан тухайн бүс нутгийн иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжид бага хүүтэй зээл олгож, ажлын байр бий болгон иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой аж.
Мөн дээрх төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газрын 27 хамгаалалтын захиргааг өндөр хурдны интернетэд холбожээ. Үүнээс 23 захиргааг шилэн кабельд, харин алслагдсан 4 хамгаалалтын захиргааг сансраар интернетэд холбогдох боломж бүрдсэн байна.
Үүнээс гадна Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 он хүртэл хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтад Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдийг дэмжих, зээлийн эргэлтийн сангийн 3 сая ам доллар бүхий төсөл байгаа юм. Энэ саналыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас санал болгож дэмжүүлжээ. Энэхүү эргэлтийн сангийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Д.ЕРТӨНЦ