Д.Батбаяр: Бичиг үсэг урлаг болсон

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Д.Батбаяр: Бичиг үсэг урлаг болсон

Д.Батбаяр: Бичиг үсэг урлаг болсон

Монголын хүүхдийн ордны уран зургийн багш, уран бичээч Д.Батбаяр өчигдөр /2017.12.13/ Үндэсний музейд “УРАН БИЧЛЭГ” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд “Хичээнгүй бичигтэн” уралдаанд шалгарсан 6-12 дугаар ангийн сурагчдын уран бичлэгийн 35 бүтээлийг дэлгэснээс гадна ЮНЕСКО болон Японы NHK телевизийн хамтран бүтээсэн “Монгол уран бичлэг” баримтат киног үзүүллээ.

Монголын хүүхдийн ордын 60 жилийн ойд зориулан хийж буй арга хэмжээний нэг болох “Уран бичлэг” үзэсгэлэн арав хоног үргэлжлэх юм. Уран зургийн багш, уран бичээч Д.Батбаяртай ярилцлаа.

-“Уран бичлэг” үзэсгэлэнгийн онцлог юу байв.  Үзэсгэлэнд хүүдүүдийн бүтээлүүд илүү зонхилсон байна?

-Үзэсгэлэнгийн гол зорилго бол уран бичээч гэж ярихгүйгээр хүүхэд багачууд маань хэрхэн яаж бичиж байгааг ард түмэндээ харуулах зорилготой байлаа. Би таван жилийн хугацаанд хүүхдүүдтэй ажиллах явцад 70 орчим сургуулийн хүүхдүүд хамрагдсан байна. Эндээс маш олон сайхан бичдэг хүүхдүүд гарч ирлээ. Энэхүү үзэсгэлэнд хүүхдийн бичсэн шилдэг бүтээлүүд тавигдсан. Хүүхдүүдийн бүтээлийг олон түмэндээ үзүүлье гэсэн үүднээс энэхүү үзэсгэлэнг нээлээ. Монголд уран бичлэгийг сонирхож байгаа хүүхдүүд олон болсон байна. Анхнаасаа зөв хичээнгүй бичээд сурчих хэрэгтэй. Уран бичиг сонирхож байгаа хүн хичээнгүй бичгээс эхэлнэ. Заавал хүүхэд гэхгүй том хүн ч гэлээ уран бичлэгийг бичээд сурах хэрэгтэй. Хятад, япон, солонгос улс үндэсний бичгээ аваад явж байна. Үүнээс харахад хуучин бичгээ сурснаар түүхээ хайрлана. Эх хэл, соёл удах тусам саармагжих аюултай тул олон түмэнд энэхүү бүтээлүүдийг үзүүлье гэдэг үүднээс хүүхдүүдийн шилдэг бүтээлийг дэлгэлээ. Хүүхдэд авьяас чадвар байна гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно.

-Үзэсгэлэнд Японы NHK телевизийн нэвтрүүлэг тавигджээ. Энэ бүтээл дэлхийд монгол уран бичлэгийг сурталчлах их том боломж гарчээ?

-NHK телевизээр “Дэлхийн өв 100” монгол уран бичлэгийн тухай нэвтрүүлгийг жилийн өмнө гаргаж байсан. Японы талаас холбогдож, дижитал архивт бүтээл хийх санаагаа хэлж, монгол уран бичлэгийг оруулах саналтайгаа илэрхийлснээр бидний хамтын бүтээл болсон. “Дэлхийн өв-100” монгол уран бичлэгийн тухай богино хэмжээний киног япон хэл дээр бэлтгэн гаргасан. Энэ бол маш сайхан кино бүтээл болсон. Бидний хувьд яаж монгол уран бичлэгийг дэлхийд таниулах талаар бодож байтал өөрсдөө холбогдсонд их баяртай байдаг. Үзэсгэлэнд ирэх юм бол энэхүү нэвтрүүлгийг үзэх боломжтой. Монголчуудын бичиг үсгийг хүлээн зөвшөөрч дэлхий дахинд түгээж байна. Бид үүнийг улам сайжруулаад явах юм бол, хүүхэд багачуудад хичээнгүй бичгийг таниулах боломж гарч ирлээ. Тиймээс үзэсгэлэнд хүүхдийн бүтээлийг илүү зонхилж гаргалаа. Эх соёл удах тусам саармагжих тал байдаг учраас бид хүүхдүүдийн соёлын боловсролд анхаарч үүнийг хөгжүүлээд явж байна.

-Монголын өв соёлын нэг хэлбэр болсон монгол уран бичлэгийг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

-Монголын бичиг соёл, дуу хөгжим өөр байдагийг бид дэлхийд таниулж байна. Гадны улс бидний соёлыг хараад бахархаж байна. Харин бид үүнийг сайтар сайжруулаад явах ёстой. Хүүхдийн бүтээлүүд ч гэсэн их олон зүйлийг илтгэж байгаа. Бид энэ бичгийг одоо үргэлжлүүлж, зөв авч ёстой. Тиймээс хүүхэд багачуудад багаас нь зөв эзэмшүүлээд өгөх нь чухал байна. Хичээнгүй бичнэ гэдэг нандин зүйл шүү дээ. Үүнийг зүгээр татлага мэтээр ойлгоод байдаг. Гэтэл бичиг үсэг өнөөдөр орчин үеийн урлаг болчихжээ. Хувь хүн хүртэл гарын үсгээ зурах нь хүртэл урлаг болчоод байна. Бид монгол уран бичлэгийг сурахад хэцүү гээд тайлбар тавиад байдаг. Гэтэл гадны улс орон биднийг магтан, дэмжээд байдаг. Үндэсний өв соёлоо аваад явбал хаана ч очсон хичээнгүй бичгээр сайхан бичихэд тэд үнэлээд эхэлнэ. Надад ч бас ийм сайхан зүйл олон тохиолдож байлаа. Өөрсдийнхөө өв соёлд зүрх сэтгэлээ гаргах хэрэгтэй. Дэлхийн олон оронд галлиграфийн институт байна. Тэнд очоод хүмүүс суралцаж байна. Мөн манайд сүүлийн жилүүдэд галлиграфийн олон үзэсгэлэн гараад эхэллээ. Япон, БНСУ-аас уран бүтээлчид монгол уран бичгийн харьцуулсан судалгаа хийгээд явж байна. Үнэхээр бид өөрсдөө хичээгээд, үр хүүхдэд зөв бичүүлээд сургачих хэрэгтэй байгаа юм. Тиймээс Үндэсний музейд тавьж буй “УРАН БИЧЛЭГ” үзэсгэлэндээ авьяаслаг хүүхдийн бүтээлүүдийг түлхүү оруулсныг дурдахад таатай байна.


МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ДУРСГАЛУУД

1989 онд Францын хаанд илгээсэн эртний монгол бичгээр бичсэн захидал. Аргуун хаанаас Филипп хаанд илгээсэн эртний тигээр бичсэн захидлын төгсгөлийн хэсэг.

Их сударч, түүхч, бичгийн эрдэмтэн, уран зураач, уран бичээч Ванчинбалын Инжаннашийн бага насандаа зохиож бийрээр бичсэн “Цагаан үүл” шүлгийн уран бичлэг

Бичгийн эрдэмтэн Ч.Бат-Очирын “Монгол үсгийн мөрдөн дууриах үлгэр” номонд Монгол Улсын анхны үндсэн хуулийг монгол үсгийн эвхмэл хэлбэрээр модон бараар барлаж хэвлэсэн нь. 1932 он.

Академич Бямбын Ринчен гуайн бичсэн “Монгол хэл” шүлгээр Жалайр Батбаярын бичсэн “Эрдмийн гэрэл” монгол уран бичлэг. 1992

Монгол уран бичлэг ЮНЕСКО-д бүртгэгдсэн

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО нь “Монгол уран бичлэг”-ийг соёлын биет бус өвийн жагсаалтад багтаалаа. Азербайжаны нийслэл Баку хотноо 2013 оны 12 сарын 2-7-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит хуралдаанаар монгол ард түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг Удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад санал нэгтэй баталсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж