Гэрэл зурагчид гэрэлтсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Гэрэл зурагчид гэрэлтсэн өдөр

Гэрэл зурагчид гэрэлтсэн өдөр

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ”, “Гэрэл зураг түүх өгүүлнэ” гэдэг. Тэгвэл түүх өгүүлэгчид буюу гэрэл зурагчид өнөөдөр /2017.12.13/  шилдгүүдээ тодрууллаа.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо оны шилдэг гэрэл зурагчдыг  тодруулах “Монголын гэрэл зураг-2017” уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргав. 2005 оноос эхтэй уралдаан сүүлийн хоёр жил завсарлажээ. Тиймээс энэ жилийн шалгаруулалтад өмнөх жилүүдээс харьцангуй олон гэрэл зурагчин оролцов.

“Монголын гэрэл зураг-2017” уралдаанд Улаанбаатар хотоос гадна Ховд, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Хэнтий зэрэг 10-аад аймгийн 80 гаруй гэрэл зурагчны 450 бүтээл ирүүлжээ. Тэдгээрээс шилдэг 100 уран бүтээлийг дэлгэн үзүүлж, фото сэтгүүл зүйн баримтат гэрэл зураг, хүрээлэн буй орчин-аяллын гэрэл зураг, нэг зураг нэг агшин, модерн фото арт чиглэлийн 16 зургийг шилдгээр нэрлэлээ.  

Фото сэтгүүлзүй буюу баримтат гэрэл зургийн төрөлд спортын гэрэл зурагчин Ч.Ганбатын “Аваа, өгөө”, Хүрээлэн буй орчин, аяллын гэрэл зургийн төрөлд Л.Жаргалсайханы “Их нартын байгалийн нөөц газар, Үнэг” бүтээлээр шалгарлаа. Л.Жаргалсайханы хувьд зургаан жилийн өмнөөс гэрэл зураг сонирхож, тэр дундаа шувууны зураг дагнан авдаг болжээ. Сонирхол нь түүнд ийн амжилт авчирлаа.

Гэрэл зурагчин Л.Жаргалсайхан

Хамгийн олон бүтээл буюу 40-өөд гэрэл зураг өрсөлдсөн “Энэ зураг нэг агшин” төрөлд уралдааны хамгийн залуу гэрэл зурагчин Г.Базаррагчаагийн “Айдасгүй зоог” бүтээл тэргүүн байрыг эзэлсэн юм.

19 настай уран бүтээлч Г.Базаррагчаа “Өдрийн сонин”-ы гэрэл зурагчнаар ажилладаг аж. Тэрбээр “Гэрэл зураг аваад нэг жил болж байна. Сонинд ажиллаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Сурвалжлага, баримтат гэрэл зураг авах сонирхолтой” гэсэн юм.

Гэрэл зурагчин Г.Базаррагчаа

Харин модерн, фото арт чиглэлд харьцангуй цөөн гэрэл зураг ирүүлсэн бөгөөд С.Чинбатын “Агшин” бүтээл шилдгээр шалгарлаа.

“Монголын гэрэл зураг-2017” уралдааны шилдгийн шилдэг буюу гранпри цомыг гэрэл зурагчин Б.Рэнцэндорж хүртлээ. Тэрбээр “Гашуун сухайт”-ын авто замыг сурвалжилж, “Нүүрс тээвэрлэлтийн зам” цуврал бүтээлээрээ гранпри шагнал хүртсэнээс гадна нэрт фото сэтгүүлч М.Цэрэнжамцын нэрэмжит шагнал болох нэг сая төгрөгийн эзэн болов.

“Гамма” агентлагийн гэрэл зурагчин, олон улсын “Рейторс” агентлагийн Монгол дахь фото сурвалжлагч Б.Рэнцэндорж “Нүүрс тээвэрлэлтийн зам” бүтээлийнхээ талаар ярихдаа “Энэ зургуудаа би Өмнөговь аймгийн Цагаанхад хэмээх гаалийн хяналтын бүсэд авсан. Тэнд хоёр хоног байх хугацаандаа цуврал гэрэл зураг бэлтгэсэн” гэлээ. Б.Рэнцэндорж 2012 онд “Монголын пресс фото” уралдааны гранпри шагналыг мөн хүртэж байжээ.  

Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж

Гэрэл зурагчид шилдгүүдээ шалгаруулахаас гадна соёл урлагийн салбарт хувь нэмрээ оруулсан G-Mongol агентлагийн захирал, гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан нарын уран бүтээлчид Засгийн газрын шагнал болох Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм.

Тэдний нэг нь ‘Зэв’ фото студийн гэрэл зурагчин П.Баттулга. Тэрбээр “Би 22 жил гэрэл зураг авч байна. Зургууд маань тоогоо алдсан. Эхний арван жил хальсаар зураг авдаг байлаа. Хальсны архив гэхэд хоёр авдар байдаг” гэж ярив.

Гэрэл зурагчин П.Баттулга

Гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан

Ийнхүү Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо энэ жилийн шилдгүүдээ тодрууллаа. Үйл ажиллагаанд зургийн аппарат хэрэгслээ мөрлөсөн олон гэрэл зурагчин хуран цугласан байв.

Шилдгийн шилдэг бүтээл. "Нүүрс тээвэрлэлтйн зам", гэрэл зургийг Б.Рэнцэндорж

 

Ц.Оюунгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж