Оросын цахим портал “Яндекс”-ийн шинжээчид өнгөрч буй 2017 онд оросууд ямар сэдвийг голлон сонирхсоныг шинжилжээ. Ингэхэд энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд Санкт Петербург хотод болсон террорист халдлагын талаарх мэдээллийг хамгийн их хайж уншжээ. Энэ өдөр Санкт Петербургийн метронд дэлбэрэлт болж 15 хүн амь үрэгдсэн юм.
Харин хоёрдугаарт цахимаар залуучууд, өсвөр насны хүүхдүүдийн дунд тархсан “Хөх халим” тоглоомын талаарх мэдээлэл их эрэлттэй байжээ. Энэ тоглоом нь хүүхдүүдийг амиа хорлох байдалд хүргэж байсан бөгөөд энэ тоглоомыг хуулийн байгууллага хориглосон юм.
Найруулагч Алексей Учителийн хийсэн “Матильда” киноны талаарх мэдээлэл гуравдугаарт орсон аж. Энэ кино нь өнгөрсөн ХХ зууны эхэн үеийн Оросын балетын бүжигчин эмэгтэйн тухай бөгөөд түүнд Оросын хаан ширээний өв залгамжлагч дурласан тухай өгүүлдэг.
Харин хувь хүмүүсийн тухайд дуучин Дима Билан, телевизийн хөтлөгч Малахов, жүжигчин Армен Жигарханян, дуучин Юлия Самойлова нарын талаарх мэдээллийг их хайжээ.
Мөн энэ онд ихэд дэлгэрсэн спиннер хэмээх тоглоом, мөн шинээр гарсан iPhone X, Samsung Galaxy S8, iPhone 8 зэрэг ухаалаг утасны талаарх мэдээлэл их уншигдсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ