Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдан, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд энэ онд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэв.
Хуралд бүх яамны дэд сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” болон “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын удирдлага оролцов.
Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 147 тэрбум, гадаадын төсөл, хөтөлбөрөөс 60 орчим сая ам.доллар зарцуулжээ.
Харин одоогийн Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлан, нэгдсэн бодлогоор ажиллаж байгаа гэж хуралд оролцогчид тодотгов.
Засгийн газар эхний ээлжинд уурын зуух, сургууль, цэцэрлэгүүдийг төвлөрсөн дулаанд холбох, гэр хороололд инженерийн шийдэл бүхий дэд төв байгуулах, цахилгаан, шугам сүлжээний чадлыг нэмэх, ногоон зээл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэргээр боломжтой бүх арга хэмжээ авч байгаа аж. Харин иргэд гэр, байшингаа дулаалж, цахилгаан халаагуур, боловсруулсан түлш ашиглах шаардлагатайг Ерөнхий сайд сануулав.
Арванхоёрдугаар сарын 20 гэхэд бохирдлын нэг, хоёрдугаар бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, үлдсэнийг нь оны дараа агаар шүүгчээр хангана гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ. Уг ажилд 4 тэрбум төгрөг тусгажээ.
Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, “Нэг хашаа-Нэг өрх” бодлого хэрэгжүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх нь зүйтэй гэж хотын дарга үзэж байна. Мөн хотын захиргаа болон харьяа агентлагуудыг хотоос гаргавал 20 мянга гаруй хүн үйлчилгээ авах гэж хотын төв рүү ирэх шаардлагагүй болно гэсэн судалгаа ч хийсэн байна.
Цаашид уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлаа эрчимжүүлэх, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, төрийн өмчийн барилга, байгууламжид дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын чанарын суурин харуулын тоог нэмэх, зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, дулаан алдагдлаа бууруулах аяныг иргэдийн дунд өрнүүлэх нь зүйтэй гэж Үндэсний хороо үзэв.
Т.НОМИН