Монголын хүүхдийн ордны уран зургийн багш, уран бичээч Д.Батбаяр өнөөдөр /2017.12.13/ Үндэсний музейд “УРАН БИЧЛЭГ” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд сурагчдын дунд зарласан шилдэг уралдааны бүтээлүүдээс гадна Юнеско ба Японы NHK телевизийн бүтээсэн “Монгол уран бичлэг” баримтат киноны бичлэг тавигджээ.
Монголын хүүхдийн ордын 60 жилийн ойд зориулсан хийж буй арга хэмжээний нэг болох “Уран бичлэг” үзэсгэлэн арав хоног үргэлжилнэ. Уг үзэсгэлэнд “Хичээнгүй бичигтэн” уралдаанд шалгарсан 6-12 дугаар ангийн сурагчдын уран бичлэгийн 35 бүтээлийг дэлгэжээ.
Дэлхийн соёлт улс үндэстнүүд янз бүрийн уран бичлэгийн уламжлалтай. Монголчууд тэрхүү өв уламжлалын зохиогч нь билээ. Монгол туургатны боловсруулан хэрэглэж ирсэн олон янзын бичиг үсгийн тогтолцоо нь 2000 жилийн түүхтэй ажээ. Монголын өргөн уудам нутагт хад чулуун дээр зураг дүрс, тамга тэмдэг, үсэг бичиг сийлэн үлдээгээгүй газар нутаг ховор байдаг талаар түүхч, судлаачид тэмдэглэн үлдсэн байдаг.
Монгол уран бичлэгийн хамгийн эртний дурсгал нь 1225 оны үед бичигдсэн хэмээн таамагладаг бөгөөд өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музейд хадгалагдаж буй “Чингисийн чулуун бичиг” аж.
2013 онд Яаралтай хамгаалах шаардлагатай Биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалтад “Монгол уран бичлэг”-ийг бүртгүүлсэн юм.
Уран зургийн багш, уран бичээч Д.Батбаярын сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр “Үзэсгэлэнгийн гол зорилго бол уран бичигч гэж ярихыг илүүтэй хүссэнгүй. Би сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдүүдтэй ажиллаж явцад 70 орчим сургууль хамрагдсан байна. Эндээс маш олон сайхан бичдэг хүүхдүүд гарч ирлээ. Энэхүү үзэсгэлэн хүүхдийн бичсэн шилдэг бүтээлүүд тавигдсан. Хүүхдүүдийн бүтээлийг олон түмэндээ үзүүлье гэсэн үүднээс энэхүү үзэсгэлэнг нээлээ. Монголд уран бичлэгийг сонирхож байгаа хүүхдүүд олон байна. Уран бичиг сонирхож байгаа хүн хичээнгүй бичгээс эхэлнэ. Заавал хүүхэд гэхгүй том хүн ч гэлээ уран бичлэгийг бичээд явчих хэрэгтэй. Хятад ханзаа, япон, солонгос улс үндэсний бичгээ аваад явж байна. Үүнээс харахад хуучин бичгээ сурснаар түүхээ хайрлана. Тэгэхээр эх хэл, соёл удах тусам саармагжих аюултай тул олон түмэнд энэхүү бүтээлүүдийг үзүүлье гэдэг үүднээс хүүхдүүдийн шилдэг бүтээлийг дэлгэлээ. Хүүхдэд авьяас чадвар байна гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно. Мөн Монголын уран бичлэгийг видео бичлэг болгосон Японы NHK телевизийн нэвтрүүлэг байна.