Шинэ жил мэдээж жилийн хамгийн гоё баяр. Бас хамгийн чухал өдөр. Бүсгүйчүүд бүгд л тэр үдшийн хамгийн дэгжин, хамгийн гоё, хамгийн үзэсгэлэнтэй нь байх нууцхан хүсэлдээ автдаг.
Шинэ жилийн баяр хаяанд ирээд, хаалга тогшиж буй энэ үед бүсгүй та гоёлоо хэдийн сонгочихсон байж мэднэ. Харин үсээ хэрхэн янзлах талаар эргэлзэж байвал санаа авч болох хэдэн засалт санал болгоё. Сүүлийн үед үс засалтын хэв маяг “орноосоо дөнгөж өндийсөн” ч гэмээр замбараагүй, хааш яаш, хайнга тал руугаа хэлбийх болсныг дашрамд сануулъя.
ТОМ ТОМ ДОЛГИО
Эелдэг хэрнээ тачаангуй харагдах засалт. Үсээ нааш цааш шидэлж, нэг л мэдэхэд хурууны үзүүр чинь үсээрээ оролдоод сууж байдаг бол танд энэ засалт хамгийн тохиромжтой. Ямар ч төрөл, загварын даашинз, хувцаслалт дээр төгс зохицдог нь гайхалтай.
СҮЛЖЭЭСТЭЙ ЗАДГАЙ ҮС
Энгийн, бас гоёмсог. Нүүр рүү үс унжихгүй давуу талтай. Гэрийн нөхцөлд өөрөө ч засаж янзалж болно.
ДЭГЖИН БӨГӨӨД ЗАМБАРААГҮЙ ШУУЛТ
‘Bun’ гэж нэрлэдэг үс шуух дэгжин хэлбэр. Таныг дэгжин харагдуулна. Бас үс маань муухай болчих вий гэж санаа зовох хэрэггүй. Тэртэй тэргүй замбараагүй юм чинь.
ФРАНЦ СҮЛЖЭЭС
Ёсорхол багатай, албан бус шинэ жилийн үдэшлэгт төгс тохирох засалт. Ялангуяа та урт үстэй бол таныг загварын мэдрэмжтэй, онцгой нэгэн гэдгийг батлах болно.
ХАЖУУГААРАА СҮЛЖЭЭС БҮХИЙ ШУУЛТ
Өхөөрдөм бөгөөд чамин. Үснийхээ нэг талаас хэсэгхэн газрыг сүлжиж, арагш нийлүүлээд хайнга байдлаар шууна.
ХЭЭНЦЭР ТУУЗ
Хамгийн хялбар засалт. Үсээ бүгдийг нь бөөгнүүлж аваад гоёмсог туузаар ороож уяад л гүйцээ. “Залхуу” засалт боловч таныг хээнцэр, дэгжин харагдуулж чадна гэдэгт итгээрэй.
ФРАНЦ СҮЛЖЭЭС БҮХИЙ ШУУЛТ
Үснийхээ хоёр талаас франц маягаар сүлжээд хойноо шууна. Шөнийн туршид үсэндээ санаа зоволгүй хүссэнээрээ бүжиглэж, наргиж болно.
ЗАГАСНЫ СҮҮЛ
Том бөгөөд сул загасан сүлжээс ямар ч хувцас дээр тохирно. Бага зэрэг сэгсгэр байхдаа гэмгүй. Та үдшийн хамгийн cool хатагтай байх болно.
ИХЭМСЭГ ДОЛГИО
Таныг ихэмсэг бардам, дээдсийн хүрээний хатагтай гэдгийг тань илтгэх засалт. Хуучны Холливудын хамгийн алдартай засалт. Тансаг, ганган, хамгийн гол ихэмсэг.
ПОНИ ЗАСАЛТ
Залуу охидод илүү тохиромжтой засалт. Ганц нэгхэн чамин сүлжээс оруулаад, үсээ гөлчийтөл самнаад дээхэн талд нь боох. Үснийхээ үзүүр хэсгийг индүүдэж, шулуун болгохоо мартуузай.
ТИТЭМ СҮЛЖЭЭС
Задгай үс+сүлжээс+титэм. Бүгдийг нь хослуулснаар та энгийн даруу боловч үзэсгэлэнтэй харагдах болно.
С.ЦЭЛМЭГ