Хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг, эхчүүд 2-3 цаг дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг, эхчүүд 2-3 цаг дугаарлаж байна

Хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг, эхчүүд 2-3 цаг дугаарлаж байна

   

Хүйтний улирал  эхэлж, ханиад томууны дэгдэлт нэмэгдсэн болохоор дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдлыг бид сурвалжиллаа. 

2017.12.12. Оройн 20.00 цаг.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын хаалгаар оруут хүүхдийн хүчтэй ханиалгах, өндөр халуундаа шаналан уйлах дуу, бухимдан уурсах эцэг, эхчүүд угтлаа. Хүлээн авах тасагт хоёр эмч үзлэг хийж байв. Тэр жижигхэн өрөөний  сандал суух зайгүй дүүрч, зарим нь хүүхдээ тэврэн зогсож, үлдсэн хэд нь урдах хүндээ дугаар захин, гадаа машиндаа хүлээж харагдлаа. Тасаг дотор бараг 40 гаруй эцэг, эхчүүд байлаа. Орж, гарах хөл хөдөлгөөн тасрахгүй, хүүхдээ дагуулан ирж, очих хүмүүс дундрах шинж алга. 

“Хүүхэд маань орой өндөр хэмтэй халуураад байна”,  “Эм уугаад ч эдгэхгүй байна” гэх ээжүүд байхад “Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ч дахин ирж үзүүлж байна” гэх хүмүүстэй ч таарлаа. 

Т.Цээмаа

Энэ үеэр бид хүүхдээ үзүүлэхээр  хүлээж буй Т.Цээмаатай уулзлаа. Тэрбээр “Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ маш муу. Энэ нь өвлийн цагт бүр их мэдрэгддэг. Энд байгаа хүүхдүүд бүгдээрээ ханиалгаж, ихэнх нь халуурсан байдалтай байна. Манай хүүхэд гэнэт халуурч, 40 хэм хүрсэн.  Яарч сандран эмнэлэгт ирсэн ч цаг орчим хүлээж байна. Уг нь үзэх эмч нарынхаа тоог нэмчихдэг юм бол хүмүүсээ хурдан үзчих боломжтой байх. Хүү /Гурван настай/ маань халуурснаасаа болоод унтаж байна” хэмээн  улаа бутарсан хацартай, хүүгийнхээ зүг заалаа.

20 хүний дараа үзүүлэх дугаартай  С.Алтан-Эрдэнэ гэх залуу  “Хүү маань өчигдрөөс эхэлж халуурсан, өрхийн эмнэлэгт үзүүлсэн ч бичиж өгсөн эмэнд нь энэ ханиад ерөөсөө  дарагдахгүй юм.  Лаа хийгээд ч халуун нь буухгүй байна. Сүүлдээ аргаа бараад дугаар ихтэйг нь мэдэж байгаа ч наашаа ирлээ” гэв.

Хүлээн авахын жижигхэн өрөө бухимдсан хүмүүсээр дүүрэн. 40  орчим насны, эрэгтэй хүлээн авахын үүдэн  дээр бас л уурлангуй ааш гаргаж байгаа харагдав. Тэрбээр “Яасан уддаг юм. Хоёрхон эмч үзээд байхдаа яах вэ дээ. Хоёр цаг хүлээлээ. Хүүхэд уйлаад хэцүү байна” гэж эргэн тойрны хүмүүст сонсогдохоор чанга дуугаар хэлэв. Хүүхдүүдээ тэвэрсэн аав, ээжүүд дунд 18 цагт ирсэн ч хүүхдээ үзүүлж амжаагүй, дугаарлан зогсох хүмүүс  олон байсан юм. 

Тус эмнэлгийн хувьд нийт 172  ортой гэх мэдээллийг бидэнд өгсөн ба энэ өдрийн байдлаар 250 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн хувьд хэвтэх ор хүрэлцээгүй тул коридорт эвхдэг ор дэлгэн, хүүхэдтэйгээ хэвтэх ээжүүд нэлээдгүй байлаа.

Хүүхдүүд ихэвчлэн 3-5 хоног эмчлүүлээд гардаг бөгөөд өдөртөө дараагийн ээлжийн хүүхдүүд ирдэг гэнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь  ханиадны хүндрэл болох ларингит, бачуурал, уушгины хатгалгаа оношоор ирж байгаа тухай эмч нар ярилаа. Насны хувьд 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн ирж байна.

“Өвлийн амралтын үеэр эмнэлэгт ирэх хүүхдүүдийн тоо эрс багасдаг. Харин цагаан сарын дараа томуу, томуу төст өвчнөөр өвчилж ирэх нь нэмэгддэг” гэж сувилагч эмэгтэй ярьсан юм. Хэдий тус дүүргийн хүлээн авах тасагт ажилладаг эмч, сувилагч нарын тоог нэмсэн ч ачааллаа дийлэхгүй хэвээр байгаа бололтой.

Энэ өвөл Гол төлөв H2N3, рино, адено вирус томуу, томуу төст вирусээр халдварласан буюу вирусын гаралтай өвчлөлтэй хүүхдүүд эмнэлгүүдэд олноор ирж байгааг ер нь аль ч дүүргийн эмнэлэг, өрхийн эмч нар хэлж байгаа. Эмнэлэгт ирсэн хүүхдүүдийн ихэнх нь удаан хугацаанд ханиасан, цээж байнга цэртэй байдаг болсон. Ерөнхийдөө хүнд хэлбэрээр өвдөхгүй ч эдгэхгүй ханиадтай удаан явсаар хатгаа болж байгаа тухай эцэг, эхчүүд ярьсан. Үүнийг манай эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн судалж, энэ өвлийн ханиадны вирус, халдварын онцлог юу байгаа, ямар эмчилгээ илүү үр дүнтэй байх зэрэгт нэгдсэн судалгаа хийж, мэдээлэл өгөх нь зөв юм шиг санагдсан. 

Хүүхдийн ханиад эдгэхгүй удаж байна, цээж чагнахад мэдэхгүй хирнээ гэнэт хатгаа боллоо гэх тохиолдол бидний эргэн тойронд олон гарч байгааг хэлэх хүн нилээдгүй байгаа. 

Ерөнхийдөө дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнхийг хүүхдүүд эзэлж байгаа дүр зураг харагдсан. Энэ их ачааллыг бууруулахаар Сонгинохайрхан дүүргийн зүгээс Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар  200 ортой, мэс засал, гэмтэл, төрөх эмэгтэйчүүд, хүүхэд,  дотор, мэдрэл, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг жишиг эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа тухай эмнэлгийн удирдлагууд ярьсан. 

2019 онд тэрхүү жишиг эмнэлэг ашиглалтад орно гэх боловч тэр болтол хоёр жил энэ байдалтайгаа эвлэрсээр, өвдсөн хүүхдүүдийг үүдний өрөөнд хүлээлгэсээр байх уу гэдэг бас бодох л асуудал. 

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ.

Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.

Байгууллага

Ажиллах цагийн хуваарь

1.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 24 цаг

2.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 24 цаг

3.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

Ажил, амралтын өдөр: 09.00-20.00

4.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

Ажлын өдөр: 17.00-22.00

Бямба гаригт: 10.00-16.00

5.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

6.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

7.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

8.

Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв

9.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж