Төв банкны хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хэн юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Төв банкны хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хэн юу хэлэв

Төв банкны хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хэн юу хэлэв

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэр бүхий гишүүд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Уг өөрчлөлтөөр төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, төв банкны удирдлагыг томилох чөлөөлөх асуудлыг нарийвчлах, төв банкнаас Засгийн газарт олгох санхүүжилтийн хязгаарлалтыг тодорхой болгох, төв банкны шийдвэр, бодлого үйл ажиллагаа нь хамтын удирдлагын /Мөнгөний бодлогын хороо, Удирдах зөвлөл/ зарчимд тулгуурлах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгаж буй юм. Тэгвэл уг хуулийн төслийг судлаач, эдийн засагчид хэрхэн дүгнэж байна вэ?

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Аливаа улсын төв банкны бие даасан, хараат бус байдлыг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, индекс аргачлал болон манай улсын дотоодын эрдэмтэн судлаачдын үнэлгээгээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал нь “хангалтгүй” буюу 0-1 оноогоор тооцсоноор 0.5-0.6 орчим хувьтай байна. Энэхүү хангалтгүй байдал инфляцийн өндөр хэлбэлзэл, гадаад валютын улсын нөөцийн хомсдол, Монголбанкны өөрийн хөрөнгийн алдагдал зэрэг макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Иймд Төв банкны бие даасан, тогтвортой байдал нь үнийн түвшний тогтвортой байдалтай удаан хугацаанд шууд хамааралтай байдаг талаар тогтоосон судалгааны ололтод тулгуурлан Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлснээр эдийн засагт үүсч буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх нь хуулийн төсөл боловсруулах шаардлага, зорилго болсон

Эдийн засагч, судлаач Д.Түвшинжаргал:

Төв банкны холбогдох газраас Монголбанк /Төв банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ. Шинэ хуулийн төслөөр төв банкны үйл ажиллагаа хамтын шийдвэр /Мөнгөний бодлогын хороо, Удирдах зөвлөл/-ээр явдаг болох нь. Мөн төв банкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, огцруулах шалтгааныг илүү тодорхой, бодитой болгож буйгаас гадна Төв банкны зүгээс Засгийн газарт өгөх санхүүжилтийн нөхцөл, шаардлагыг нарийвчилж өгч байна. Хуулийн төслийг өргөн барьж болно. Хамгийн гол нь улстөрчид үүнийг ойлгож, төв банк хараат бус байснаараа эдийн засагтаа чухал үүрэг, ач холбогдолтой гэдгийг ойлгож, үүнд улс төрийн зориг гаргах нь чухал.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

Төв банкны хуулинд хэд хэдэн өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, төв банк нэгдүгээрт хариуцлагатай, хоёрдугаарт олон улсын жишгээр ажиллахаар болгож байгаа. Гуравдугаарт, төв банкны дүрмийн санг нэмэгдүүлэх, мөнгө босгох, өөр бусад үйл ажиллагаа явуулах замаар инфляци, ханшаа тогтвортой барих талаас нь анхаарч өгөх зүйл заалтууд орж ирсэн байна лээ.  Төв банк мөнгө хэвлэж, зах зээлд нийлүүлэх эрхтэй цорын ганц байгууллага. Тийм учраас энэ бүх үйл ажиллагаа хяналттай, хариуцлагатай болох ёстой. Энэ үүднээс Төв банкинд дөрвөн өөр төрлийн хяналтын зөвлөл бий болгохоор хуулинд оруулж ирсэн нь сайн хэрэг.  Товчхоноор бол Монголбанк өөрийнхөө хийх үндсэн ажлуудад анхаарах асуудлыг хуульчилж байгаа юм билээ. Монголбанкны хууль харьцангуй чамбай, сайн орж ирсэн байна билээ. Тэгэхээр өөрчлөлтүүд харьцангуй бага гарах байх.

Эдийн засагч С.Дэмбэрэл:​​​​​​​

Би 2015 онд төв банк /Монголбанк/-ны туха йхуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь тогтоогоод, байнгын хороонд оруулсан байсан. Тэр хуулийн хувибар, зүйл заалтууд энэ хуулинд бас туссан байна. Тухайлбал, төв банкны зорилтыг “Үнийн тогтвортой байдлыг хангах” гэж байна. Орчин үеийн төв банкуудын гол зорилт нь инфляцийн тогтвортой байдал буюу үнийн тогтвортой байдал юм. Гэхдээ УИХ дээр энэ асуудал орж ирэхээр “Валютын ханшийг яах вэ” гэдэг асуудал гарч ирнэ. Миний санаачилсан өмнөх хувилбар дээр энэ асуудлыг бас тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтод захирагдах буюу суб-ординац зорилт нь валютын ханшийн хэлбэлзэл гэсэн үг. Үндсэн зорилт нь үнийн тогтвортой бадйал, дагалдах зорилт нь ханшийн тогтвортой байдал юм. Одоо өргөн баригдсан хуулинд энэ зүйл заалт, зохицуулалт тусгагдсан байх гэдэгт найдаж байна. Үүнд анхаарах хэрэгтэй байх. 

Б.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж