БНСУ дахь биткойн олборлогч олон арван серверт гал гарсны улмаас биткойны “уурхай” ноцтой гэмтсэн тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ.
Энэ явдал Канвондо муж дахь биткойны “уурхай”-д даваа гаригт орон нутгийн цагаар 12:30 цагт болжээ. Биткойн олборлогч тус бүр нь 50 мянган воны үнэтэй серверүүдэд гарсан галыг 10 минутын дараа унтраасан байна.
Гал гарсан биткойны “уурхай”-д 300 гаруй график карт бүхий серверүүд байсан гэнэ.
Канвондо мужийн цагдаагийн ажилтнууд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд цахилгааны залгуур серверүүдийн өндөр ачааллыг дийлээгүйгээс болсон байж магадгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Дэлхий даяар ханш нь асар хурдтай өсч буй биткойныг БНСУ санхүүгийн бүтээгдэхүүн гэж хүлээн зөвшөөрөөгүй ч биткойн худалдан авч буй хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байна. Тус улсын сангийн сайд хэлэхдээ “Бид хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ цахим мөнгөний арилжааг зохицуулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэжээ.
Эх сурвалж: The KoreaTimes