Сонгуулийн хуулийг өөрчлөх тактик

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг өөрчлөх тактик

Сонгуулийн хуулийг өөрчлөх тактик

Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөхөөр УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулаад байна.

Эрх баригч хүчин УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй зөвшилцсөнөөр Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан аж.

Сонгуулийн нэгдсэн хуулиар одоо Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зохицуулж байна. Харин ажлын хэсгийн хувьд нэгдсэн нэг хуулиар зохицуулж байгаа дээрх гурван сонгуулийг өөр, өөрийнх нь онцлогт тохирсон бие даасан хуультай болгоно.

Мөн УИХ-ын сонгуулийн 76 тойрогт дахин хуваарилалт хийж, зарим аймгийн мандатыг хуучин жишгээр нь сэргээж магадгүй аж.

Өмнөх парламент 2016 оны УИХ-ын сонгууль болохоос нэг сарын өмнө Сонгуулийн нэгдсэн хуульд гар хүрч, жижиг 76 тойргоос парламентын гишүүн сонгогдохоор болж, өөрчилсөн. Ингэснээр 76 мандатын 48 нь орон нутагт, 28 нь нийслэлд ногдсон юм. Энэ өөрчлөлтийг хийхдээ Сүхбаатар, Булган аймгийн мандатыг нэгээр цөөлсөн бол  Дорноговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэж нэг мандаттай болгосон.

Мөн Багахангай дүүргийн хоёр мандатын нэгийг Хан-Уул, нөгөөг нь Сүхбаатар дүүрэгт шилжүүлсэн бол Налайх дүүргийн нэг мандатыг Чингэлтэй дүүрэгт, мөн Багануур дүүргийн нэг мандатыг Сүхбаатар дүүрэгт өгч байв.  

Дээрх өөрчлөлтийн дүнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд зургаан мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дөрвөн мандаттай болжээ.

Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан.

МАН дээрх тойргуудад ногдуулсан мандат, нутаг дэвсгэрийн хуваарилалтад шүүмжлэлтэй хандсаар ирсэн юм.

Тухайлбал, 80 мянган хүн амтай Увсад нэг мандат нэмж, гурван мандат ногдуулсан бол 4000 хүнээр цөөн Дорнод аймаг хоёр мандаттай. Гэтэл Дорнод аймгаас хүн ам багатай Хэнтий аймагт гурван мандат хуваарилсан.

Хөвсгөл аймаг 130 мянган хүн амтай байтал 72 мянган хүнтэй Хэнтий аймгийн нэгэн адил гурван мандаттай. Сүхбаатар аймаг 60 мянган хүнтэй атлаа ганц мандаттай. Булган аймаг Өмнөговь аймгаас илүү хүн амтай атлаа нэг мандаттай, харин Өмнөговь аймагт нэг мандат нэмж хуваарилснаар хоёр мандаттай болсон.

Говь-Алтай аймаг 56 мянган хүн амтай гэдгээр мөн нэг мандатыг нь хэвээр хадгалсан нь нэг гишүүн нь нутаг дэвсгэрийнхээ 86 хувиас сонгогдож байхад нөгөө гишүүн нь нутаг дэвсгэрийнхээ 10 гаруй хувиас сонгогддог харьцангуй хуваарилалт бий болгосон.

Нэг ёсны олон жилийн турш мөрдөж ирсэн хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг тооцож мандатын тоог тогтоодог жишиг эвдэгдсэн юм.

Гэхдээ хүн амын дийлэнх нь нийслэлд суурьших болсноор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн мандатыг нэмэх амьдралын шаардлага үүссэн байдаг.

Иймээс Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ бүгдийн алтан дунджийг олж, тойргуудад мандат ногдуулж, сонгогчийн эрх ашгийг хангах үүрэг хүлээгээд байна.

Эрх барьж буй улс төрийн хүчин бүр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа аль болох өөрсдийн эрх ашгийг илүү хангах талд зохицуулалт хийсээр ирсэн. Гэвч УИХ-ын сонгууль болоход үр дүн нь өөрөөр гардаг.

Тухайлбал, Ардчилсан нам 2012-2016 онд эрх барьж байхдаа өнөөгийн МАН-тай хамтран 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогддог сонгуулийн холимог тогтолцоог халсан. Гэвч УИХ-д дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн.

Харин МАН сонгуулийн тогтолцоог одоогийн жижиг 76-аар үлдээвэл Ардчилсан намын хувь заяаг 2020 оны УИХ-ын сонгуулиар амсах эрсдэл бий.

Гол нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулах заалтыг тусгаж өгөөгүй цагт эргээд Үндсэн хууль зөрчсөн хэрэгт орохоор байгаа юм.

Тойргуудад хуваарилсан мандатын тоо

/Хүснэгтээс харна уу! 2016 оны тавдугаар сард УИХ-аас баталсан хувилбараар/

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж