Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

“Маршал" харш

ТТХГ-ын “Их тэнгэр” цогцолборын “Маршал” харш нь хотын төвд хэн бүхний мэдэх нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн зүүн талд байрлах хоёр давхар цагаан шаргал өнгийн байр юм. Энэ харш 1947 онд ашиглалтад орсон бөгөөд Монгол Улсын Ардын Сайд нарын Зөвлөлийн дарга, маршал Х.Чойбалсан гуайн орон сууцны зориулалтаар барьж, тэрбээр насан өөд болтлоо энд амьдарсан байна. 1950-иад оны сүүлч, 1970-аад он хүртэл уг байрыг “маршал  Х.Чойбалсангийн  өргөө-гэр музей” болгон ашиглаж байв.

Монгол Улсын гурван маршал цолтоны хоёр (Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал)-ын амьдрал, ажил энэ харштай салшгүй холбоотой юм. Төр, засгийн үйлчилгээний  зориулалтын уг байрыг олон жилийн турш 30 дугаар байр хэмээн нэрлэж ирснийг өөрчилж, 2005 оны намраас ТТХГ-ын даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр “Маршал” харш гэж шинэчлэн нэрлэв. “Маршал” харш нь одоо мөн “Их тэнгэр” цогцолборын өндөр зэрэглэлийн зочид буудал ба бүтэн люкс хоёр, хагас люкс нэг, энгийн дөрвөн өрөө, хурал, семинар, уулзалтын өрөө, зориулалтын техник хэрэгсэл, интернет, орос биллиард, маркетингийн олон туслах үйлчилгээтэй, “маршал”-ын өрөө (түүний хэрэглэж байсан тавилга, эд хэрэгсэл байдаг), монгол урчуудын гараар урласан үзмэр байна. Мөн тохилог зоогийн газартай, нэг ээлжиндээ 50-80 хүн хүлээн авдаг төдийгүй, мэргэжлийн өндөр ур чадвартай тогооч, зөөгч нар ажилладаг.   2006 онд иж бүрэн засвар хийж, тавилга, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн.  “Маршал” харшид олон жилийн турш гадаадын төр, засгийн тэргүүн, эрхэм хүндтэй зочид байрлаж, тухлан саатаж байсан, одоо ч өндөр зиндааны зочид, төлөөлөгчид үйлчлүүлсээр байна.

ХАТАНТУУЛ” ЗОЧИД БУУДАЛ

ТТХГ-ын төрийн тусгай үйлчилгээний “Их тэнгэр” цогцолборын төв байрыг  1961 онд ашиглалтад хүлээн авч, тэр цагаас 50-4 дүгээр байр гэж, 2005 оны намраас “Хатантуул” зочид буудал хэмээн нэрлэж, өмнө нь нийтэд хаалттай байсныг өөрчлөн, нээлттэй зочид буудал болгон улмаар Монголын зочид буудлуудын холбоо, Монголын тогооч нарын холбоо, МҮХАҮТ-ын гишүүн байгууллага болгосон билээ.

Уг зочид буудал нь бүтэн люкс тав, хагас люкс 11, энгийн 28 өрөө, зочид хүлээн авах VIP хоёр өрөө, хурал, семинарын 80-100 хүний тохилог заал, 250-300 хүний зоогийн танхим, их гарын снукер биллиард, теннис, саун, амрах өрөө, интернетийн болон маркетингийн олон төрлийн туслах үйлчилгээтэй.

Зоогийн газарт мэргэжлийн өндөр ур чадвартай, тогооч, зөөгч нар ажилладаг. 2006, 2015 онд иж бүрэн засвар хийж, тавилга, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн байна.

Манай төр, засгийн тэргүүн нар “Их тэнгэр”-т үе дамжин амьдран суухдаа тэд төр, түмнийхээ төлөө унтах нойр, идэх хоолоо умартан ажиллаж ирсэн билээ. 2011 оны намар тус цогцолбор 60 жилийн ойгоо тэмдэглэж, “Тэнгэрлэг оршихуйн дор 60 жил” номонд, Монгол Улсын Ерөнхий сайдаар 1984-1990 онд ажилласан Думаагийн Содном гуайн өгүүлсэн сэтгэгдлийг эргэн дурсвал: “Энэ цогцолборыг анх Ю.Цэдэнбал гуайн санаачлагаар байгуулж, уг барилгыг барих гэрээ, хэлэлцээр хийгдэх үеэс 1990 он хүртэл хэрхэн ашиглаж байсныг, өмнө ч өнөө үеийнхэн ч үйлчилгээний зориулалтаар нь ашиглаж ирснийг мэднэ. Энэ объектууд нь түүхийн дурсгалтай газар бөгөөд улам сайжруулан ашиглахад илүү их санаачлагатай ажиллаарай” хэмээсэнд одоогийн удирдлагууд онцгой анхаарах нь чухал бизээ.Төрийн тусгай үйлчилгээний үйл ажиллагаа улам өргөжин тэлж, төрийн ёслол-үйлчилгээний нэгэн оргил хэсэг болох Монгол төрийн эрхэмсэг дээдчүүд, мөн гадаад орнуудын өндөр дээд хэмжээний зочдын хүлээн авалт, бусад арга хэмжээг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн ямар ч алдаа мадаггүй гүйцэтгэх хариуцлагатай үүргийг 66 жилийн турш нуруундаа үүрч ирсэн тус цогцолборын ажилч хичээнгүй, эрхэлсэн үйлсдээ чин үнэнч, үе үеийн туршлагатай хамт олон  бахархам гавьяатай билээ.

“Монгол сервис” булангийн өмнөх дугаарт тус цогцолборын “Хан-Уул” харшийн тухай мэдээлсэн. Ийнхүү төрийн үйлчилгээ эрхэлдэг өвөрмөц нэгэн байгууллагын тухай товч мэдээллийг уншигч олондоо хүргэлээ.

Г.Сумъяа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж