Нью-Йоркийн халдлага үйлдэгч Трампад “сануулга” өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн халдлага үйлдэгч Трампад “сануулга” өгчээ

Нью-Йоркийн халдлага үйлдэгч Трампад “сануулга” өгчээ

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх автобусны гол зогсоолд тэсрэх бөмбөг дэлбэлсэн этгээд халдлага үйлдэхийн өмнө ерөнхийлөгч Доналд Трампад хандан фейсбүүктээ сануулга бичсэн байжээ. Тэрбээр “Трамп, чи эх орноо хамгаалж чадаагүй” гэж бичсэн байв. 

Халдлага үйлдсэн этгээд нь Бангладеш гаралтай, 27 настай Акаейд Улла гэгч болохыг тогтоосон юм. Тэрбээр “Исламын улс” бүлэглэлийн тушаалаар халдлага үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийн байгууллага мэдэгджээ.

Гар аргаар хийсэн энгийн тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас гурван хүн хөнгөн гэмтэж, гэмт этгээд өөрөө шархадсан юм. 

Мөрдөн байцаалтын явцад Улла “Би “Исламын улс”-ын төлөө халдлага үйлдсэн” гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн “Исламын улс” бүлэглэлийнхний гол байршил руу АНУ агаарын цохилт өгсөн нь халдлага үйлдэх сэдэл төрүүлсэн гэжээ. 

Улла Зул сарын чимэглэлд ашигладаг элдэв янзын гэрэл ашиглан, гар аргаар тэсрэх төхөөрөмж хийжээ. Тэрбээр халдлагын хор уршгийг нэмэгдүүлэхийн тулд өглөөний оргил цагийг сонгож, хөл хөдөлгөөн ихтэй автобусны зогсоолд дэлбэлсэн байна. 

Улла Бангладешийн Читтагонг орчимд амьдарч байгаад 2011 онд гэр бүлийн визээр АНУ-д очжээ. Тэрбээр хамгийн сүүлд есдүгээр сард эх нутагтаа очсон бөгөөд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэж Бангладешийн засгийн газар мэдэгдсэн байна. 

Гэмт этгээдийн эхнэр түүнтэй хамт АНУ-д очоогүй гэнэ. Одоо эхнэр болон бусад гэр бүлийн гишүүдээс нь мэдүүлэг авч байгаа ажээ.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж