Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг түр хугацаагаар зогсоосон. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авах шийдвэр 2017 оны зургадугаар сарын 29-ний өдөр батлагдсан ба холбогдох тогтоолыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар аравдугаар сард гаргасан юм.
Тусгай зөвшөөрөл олгох цахим өргөдөл авахаар 3000 гаруй компани бүртгүүлсэн ч 2080 компани л шаардлага хангаж, бүртгэлийн нэг сая төгрөгийг улсын дансанд тушаасан байдаг аж. Зөвшөөрөл авахаар мөнгөө тушаасан аж ахуйн нэгжүүдийн зүгээс тусгай зөвшөөрөл олгохыг зогсоож байгаа нь буруу гэж үзэж байгаа юм. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хэлснээр тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр зогсоож, асуудлыг шийдэх нь зөв гарц гэж үзэж байгаа юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон геологич Б.Батсайхан нарын байр суурийг VS булан онцолж байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар | Геологич Б.Батсайхан | |
-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийг цахимаар авахыг түр хугацаагаар зогсоосон. Одоогоор бүртгүүлсэн 2084 аж ахуй нэгж бий. Сая 2018 оны төсвийн тухай хуулийг дагалдаж, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр 2018 оноос эхлэн тусгай зөвшөөрлийг олгох нь зөв гэж үзэж байгаа. 2084 аж ахуйн нэгж Сангийн яамны тусгай дансанд 1,9 тэрбум төгрөг тушаасан нь үнэн. Шаардлагатай бол мөнгийг нь буцаагаад аж ахуйн нэгжүүдэд өгөх боломжтой. 2018 оноос хэрэгжих хуулиар нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, зөвшөөрөл олгоно. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотойгоор олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлсний дагуу олголтыг түр зогсоосон. Арваннэгдүгээр сарын сүүлээр тусгай зөвшөөрөл авах асуудлыг эхлүүлэх байсан ч 2018 оны нэгдүгээр сараас шинэ хууль хэрэгжих учраас олголтыг он дуустал түр зогсоосон гэж ойлгож болно.
| -Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах ажлыг тэр чигт нь зогсоосон. Ашигт малтмалын тухай хуулийн 19-р зүйл буюу өргөдлийн хянан шийдвэрлэх гэсэн заалт бий. УИХ-аар энэ 19-р зүйлийг зогсоох албан ёсны шийдвэр гараагүй. Үнийн дүнг голчлон анхаарна гэсэн санаа явж байсан. Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр байгаа ийм үед өдөр тутамдаа өргөдлөө хүлээн авах ёстой. Сүүлийн хэдэн жил байнга ийм зүйл гардаг боллоо. Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Жигжид, Ц.Дашдорж нар зөвшөөрөл олгох ажлыг зогсоож байсан. Одоогийн сайд бас тэглээ. Төрийн нэг агентлаг нь хүчин төгөлдөр яваа хуулийг зогсоож байна гэдэг өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл. 2018 оны төсөв батлах үеэр тусгай зөвшөөрлийг цахимаар олгохыг зогсоож, сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн. Энэ яг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих үү гэдэг нь эргэлзээтэй байна. Тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн компаниудын дунд энэ сард багтаан 2084 аж ахуй нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэсэн дам яриа тархсан байна. 2084 аж ахуй нэгж бүртгүүлэхдээ тус бүр нэг сая төгрөгийг Сангийн яаманд тусгай дансанд байршуулсан. Энэ хоёр тэрбум гаруй төгрөгийг төр буцааж өгнө гэж ярьж байна. Энэ бол зөвхөн цахим бүртгэлийн мөнгө буюу шууд гарсан зардал. Түүнээс гадна аж ахуй нэгжүүд шууд бус зардал гаргасан. Цахимаар өргөдөл олгох үйл ажиллагаанд оролцохын тулд тухайн компани компьютер, модем, төхөөрөмж зэргийг авсан. Компьютерийг зах зээлийн үнэ нь хоёр сая гэж тооцоод модем, төхөөрөмж хоёрыг 500 мянга гэж тооцвол дунджаар 2,5 сая төгрөг болно. Энэ мөнгийг 2084 компани гэж тооцвол ойролцоогоор таван тэрбум төгрөг болж байна. Энэ зардлыг хэн төлөх вэ, аж ахуй нэгжүүд хохироод үлдэх үү? Хэн нэгэн улс төрийн албан тушаалтан гарч ирээд, нэг шийдвэр гаргахад, аж ахуй нэгжүүд хөрөнгө зараад байвал эдийн засагт, итгэлийг яах вэ? Шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээх үү? Ер нь бол одоогийн Ашигт малтмалын тухай хуульд байгаа зөвшөөрөл олголтыг өргөдлийг нь хүлээж аваад, ирсэн дарааллаар нь олгож болно. |
Бэлтгэсэн Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ