Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өчигдөр /2017.12.12/ болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жилийн эмэгтэй шилдэг тоглогчийн шагналыг Г.Цолмон хүртсэн юм.
“Арвис” болон Үндэсний шигшээ багийн тоглогч тэрбээр Монголын эмэгтэй багийн олон улсын тэмцээний анхны гоолыг Гуамын хаалганд оруулсан амжилтаараа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Мөн тэр гурав дахь жилдээ зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын цомыг “Арвис” багийнхаа хамтаар хоёр дахиа өргөсөн. “Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм.
Г.Цолмон 14 настай, Нийслэлийн 6-р сургуулийн 9-р ангийн сурагч.
Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Г.Цолмонтой ‘Алтан бөмбөг’ шагнал гардсаны дараа ярилцав.
-Юуны өмнө “Алтан бөмбөг” шагналын эзэн болсон танд халуун баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч байна. Би энэ нэр хүндтэй шагналыг авна гэж төсөөлж ч байсангүй. Шагналд нэр дэвшсэнээ сонсоод баярлаж байсан ч надаас илүү сайн тамирчид байсан болохоор яг өөрийгөө шилдэг болно гэж бодоогүй. Тэмцээнтэй байсан болохоор шалгаруулалтын талаар ерөнхийдөө анзаарагүй өнгөрсөн. Гэтэл шилдэг гуравт үлдсэн байсан. Сая шилдгийн шилдэг боллоо. Миний хувьд үнэхээр санаанд оромгүй зүйл боллоо.
-Гэр бүлийнхэн нь шагнал гардуулах шууд нэвтрүүлэгийг үзсэн байх. Тэдэндээ юу гэж хэлж гарсан бэ?
-Манайхан тус тусын ажилдаа яваад, эзгүй байх хойгуур нь би наашаа ирсэн. Гэхдээ гэрийнхэндээ надад битгий итгээрэй. Би зүгээр арга хэмжээнд оролцоод ирье гэж хэлж байсан. Байнга бэлтгэл, тэмцээн гээд явчихдаг болохоор цаг нь тулаад ирэхээр өмсөх хувцаснаас эхлээд өнөөдрийн ёслолын өмнө багагүй сандарлаа. Үргэлж бэлтгэлийн хувцас өмссөөр байгаад дасчихсан байдаг юм байна.
-Танай багийн ахлагч А.Алтантуяа өнгөрсөн жил “Алтан бөмбөг” шагнал хүртсэн. Түүний тоглолтын талаар та юу хэлмээр байна?
-Бидэнтэй хамгийн ойр байдаг хүний нэг бол А.Алтантуяа эгч. Сэтгэл санаагаар унасан үед сэргээх ч юм уу, их сайн дэмжиж тусалдаг. Ар гэрийн асуудал гарсан ч бид сайн ярилцаж чаддаг. Үнэндээ А.Алтантуяа эгчийгээ энэ хүндтэй шагналыг дахиж авна гэж бодож байсан. Би өөрийгөө шилдэг нь болно гэж бодоогүй болохоор итгэхэд бэрх байна.
-Таны хувьд энэ жил маш амжилттай тоглож байгаа. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг бүрдээд чамгүй хугацаа өнгөрлөө. Олон улсын тэмцээнд та анхны гоолыг оруулсан. Энэ тухай эргээд дурсаач?
-Шанхайд болсон Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээн бидний хувьд маш хариуцлагатай тэмцээн байсан. Эхний тоглолтод ХонгКонгт 5:0 оноогоор хожигдсон ч дасгалжуулагч Ики Ёоүжи багшийн зөвлөгөөг сайн авч, маргааш нь Гуамтай тоглосон. Тоглолт эхлээд удаагүй байхад Э.Энхмаргадын дамжуулалтаар гоол хийсэн. Тэр гоолын дараа манай багийнхан бүгдээрээ талбай дээрээ уйлж билээ. Бидний хувьд энэ бол түүхэн гоол байсан. Энэ гоолоор Гуамтай 1:1-ээр тэнцэж, анхны оноогоо авсан түүхтэй.
Хэрвээ хүний хүсэл мөрөөдөлд тусалдаг зүйл гэж байдаг бол надад тэр үед үнэхээр хэрэг болсон. Бид Хонгконгтой тоглох үед гоол хийх боломж байсан ч ашиглаж чадаагүй. Харин надад тэр боломж олдсонд туйлын их баяртай байдаг. Энэ бол манай багийн амжилт. Маргааш нь манай баг Хойд Маринаны Арлуудтай тоглож, В.Лора, Э.Энхмаргад нар гоол оруулж, анхны хожлоо авсан. Энэ тэмцээн биднийг их өөрчилж, бас хурцалж өгсөн дөө.
-Яагаад хөлбөмбөгийн спортыг сонгож хичээллэсэн юм бэ?
-2015 оны өвөл сургуулийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд анх орж байсан. Тухайн үед биеийн тамирын багш маань “Дуулиан 2020” тэмцээнд орох уу гэж санал тавьсны дагуу оролцсон. Тэр үеэс л идэвхтэй хичээллэж байгаа.
-Богино хугацаанд шигшээ багийн тамирчин боллоо. Энэ тийм ч амар даваа биш шүү?
-“Дуулиан 2020” тэмцээнд оролцсоны дараа Японоос дасгалжуулагч багш ирж, түүний бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Өдөр бүр өндөр ачаалалтай бэлтгэлтэй, хэцүү санагддаг байсан ч хөлбөмбөг надад улам л сонирхолтой болж ирсэн. Удалгүй охидын шигшээ баг бүрдэж, Японд бэлтгэл хийсэн. Тэр цагаас миний мөрөөдөл тодорхой болж, зорилгынхоо төлөө илүү тодорхой үр дүн гаргахыг хичээж эхэлсэн. Хөлбөмбөгт дуртай байсан бол илүү ихээр хайрладаг болсон. Намайг аз жаргалтай болгодог чухал зүйлийн минь нэг болж,. хөлбөмбөгийг хаяж чадахааргүй болтол хүчтэй нөлөөлсөн.
-Шантрах үе байсан уу. Хөлбөмбөгөөр эмэгтэй хүн хичээллэх хүнд шүү дээ. Тэр үеийг хэрхэн давах вэ?
-Хэцүү зүйл байсан байсан. Харин одоо шантрах үе ард хоцорсон. Тоглолтын явцад хүчтэй мөргөх үе гарна, тэглээ ингэлээ гээд ам зөрөх нь ч бий. Тэр бүгдэд ойлголцоод явж чаддаг болсон. Надад нэг удаа толгой дээрээ гишгүүлж байсан үе бий. Би чинь уг нь дунд сургуулийн сурагч, жаахан охин шүү дээ /инээв/. Надад хүч, хурд гээд дутуу зүйл бий. Одоо аль болохоор нөхөхийг хичээдэг. Лигийн тэмцээн их ширүүн өрсөлдөөнтэй болдог болсон. Миний хувьд сэтгэл санаа муу байсан учраас эхний үеүдэд сайн тоглож чадаагүй. Тэмцээний дунд үеэс өөрийгөө зоригжуулж, формондоо орсны хүчинд багийнхантайгаа аваргын цом өргөлөө. Амаргүй даваа байсан. Гэлээ гэхдээ би дуртай зүйлээ хийж байгаа учраас шантрах эрх байхгүй.
-Гэрийнхэн нь сайн дэмждэг үү?
-Үнэндээ манай гэр бүлийнхэн спортод ойр хүмүүс биш. Тэгсэн ч намайг дэмжиж, тусалдаг. Анхандаа хүн бүр л хэцүү гэж хэлдэг байсан ч одоо намайг аз жаргалтай байдгийг мэдээд бүх талаар дэмждэг болсон. Найз нарын минь дэмжлэг намайг хурцалж, тэднийхээ урманд маш их итгэлтэй болсон. Би хожим хөлбөмбөгийн дасгалжуулагч юм уу, шүүгч болно гэж боддог. Хөлбөмбөгтэй л ойр байвал юу ч хийхэд бэлэн.
Энэ дашрамд, надад байнга тусалж дэмждэг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Байнга зааж, зөвлөдөг Л.Банзрагч багшдаа хамгийн түрүүнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Багш маань энэ удаа ‘Алтан бөмбөг’ шагналыг авч чадаагүй ч гэлээ бидний хувьд бол хамгийн шилдэг нь. Мөн Ики Ёоүжи багшийн минь хичээл зүтгэл биднийг байнга хурцалж байдгийг онцолмоор байна. Багшдаа маш их баярлаж байгаагаа хэлье. Мөн үргэлж дэмжиж тусалдаг ангийн багш Б.Тунгалагдаа баярлалаа. Бидэнд үргэлж бэлтгэл хийх боломжийг олгож, бүхий л зүйлээр тусалж байдаг Монголын хөлбөмбөгийн холбооны хамт олонд улам их ажлын амжилт хүсье. Манай хамт олны туслагч орчуулагч багшийн минь хичээл зүтгэл ихээ. Үргэлж бидэнтэй ойр байж, хэлэхийг хүсэвч хэцүү болгонд минь хамт байдаг багшдаа баярлалаа.
-2018 онд шигшээ багийнхны оролцох томоохон тэмцээнүүд олон бий. Зорилгынхоо хэсгээс хуваалцахгүй юу?
-Ирэх онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт болно. Бидний хувьд хэсгээсээ гарах зорилготой байгаа. Бүр цаашлаад ярих юм бол надад илүү том зорилго байдаг. Бид дэлхийн тавцанд Монголын хөлбөмбөгийн спорт, эх орныхоо нэрийг гаргана гэж боддог болохоор түүндээ хүрэхийн тулд улам их хичээх болно.
2017 оны Шилдэг эмэгтэй тоглогч
‘Арвис’ клубийн хагас хамгаалагч Г.Цолмон
Г.Цолмон гурав дахь жилдээ зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын цомыг “Арвис” багийнхаа хамтаар хоёр дахиа өргөсөн. “Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм. Эдгээрээс гадна Г.Цолмон өнгөрөгч тавдугаар сард Хонгконг улсад зохиогдсон Азийн 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг Гуамтай 1:1-ээр тэнцэхэд нэг оруулсан. Энэ нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол болон тэмдэглэгдэхийн зэрэгцээ, анхны оноог авч ирсэн.