Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужин хөөргөөгүй эсвэл ард түмнийг жолоодоогүй, айван тайван байх үедээ ууланд гарч, хүмүүсийн тэр бүр мэддэггүй супер хүчээ ашигладаг аж. Тэр нь тэнгэрийн аашийг өөрчлөх гэнэ. Өнгөрсөн долоо хоногоос хойш Хойд Солонгосын хэвлэлүүд Ким Жон Уныг тэнгэрийн аашийг ч зөөлрүүлж чадна гэж бичих болов. Удирдагчаа бурханчлан шүтсэн энэ улс оронд Ким Жон Уны талаарх энэ мэт хэтийдсэн суртал ухуулгууд ердийн үзэгдэл бөгөөд үүнтэй маргах хүн гардаггүй.
Пхеньяны залуу удирдагчийг саяхан 2700 метрийн өндөр Пэкду ууланд гарахад тус улсын мэдээллийн төв агентлагаар “Жилийн энэ үед ихэнхдээ цасаар шуурч байдаг уулын оргилд их удирдагчийг гарч ирэхэд цаг агаар гэнэтхэн тогтуун сайхан болсон” гэж дамжуулсан юм.
Мэдээллийн хөтөлбөрөөр цааш нь мэдээлэхдээ “Энэ бол “Тэнгэр хангайн аашийг зөөллөж” чаддаг удирдагч Ким Жон Унд уулс хүндэтгэл үзүүлж буйн шинж” гэжээ. Харин уулын оройд гарахдаа Ким Жон Ун супер баатруудад байдаггүй пальто, савхин гутал өмссөнөөс гадна малгайгүй байжээ. Хойд Солонгосын засгийн удирдагчдыг бурхан мэт шүтэх суртал ухуулгад онцгой ач холбогдол өгдгийн ачаар улсын мэдээллийн гол хэрэгслүүд их удирдагчийнхаа хүний боломжоос давсан чадварын талаар санаанд багтамгүй зүйлсийг гаргаж бичдэг гэхэд болно.
Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслийн ашиглаж ирсэн энэхүү суртал ухуулга одоогийн удирдагч Ким Жон Уны өвөг эцэг Ким Ил-сонг удирдагч байх үеэс эхтэй юм. Дор тийм жишээнүүдээс сонирхуулъя.
“Ким Жон Ун ДОХ-ыг эмчлэх шидэт эм гаргаж авчээ”
“Ким Жон Ун Хойд Солонгосын эрдэмтэдтэй хамтран хүн орхоодой болон газрын ховор элементийн найрлагаас шидэт эм гаргаж авсан бөгөөд нэг удаагийн тарилтаар ХДХВ, Эбола, хорт хавдар болон зүрхний шигдээсээс авхуулаад хамрын ханиад, компьютерын донтолт, бүх төрлийн гепатитийн халдвар, хөгшрөлтийг ч эдгээх боломжтой. Түүгээр зогсохгүй цацраг идэвхит бодисын хордлогын эсрэг үйлчилгээтэй” хэмээн тус улсын мэдээллийн агентлагаар мэдээлж байв.
“Ким Жон Ун гурван настайдаа жолоо барьж сурсан”
“Ким Жон Ун гурван настайдаа машин жолоодож сурсан бөгөөд есөн настайдаа сайн сэлдэг байжээ”. Энэ бол Хойд Солонгосын ард түмнийг итгүүлсэн удирдагчийн ер бусын онцгой олон чадваруудын нэг.
“Ким Жон Ун археологичидтай хамтран Солонгосын эртний хааны унаж байсан ганц эвэртийн үүр байсан газрыг олж, байршлыг нь тогтоолоо”. Ким Жон Унтай холбоотой суртал ухуулгаас хамгийн инээдтэй нь энэ байсан билээ.
Ким Жон Уныг төрөхөөс өмнө Пхеньяны суртал ухуулгын аппарат түүний эцэг болон өвөг эцгийг ард түмний дунд бурхан мэт алдаршуулахын тулд ажиллаж байсан юм.
“Ким Жон Ил төрөлхийн авьяастай хүүхэд байжээ”
”Хойд Солонгосын эцэг, удирдагч агсан Ким Жон Ил төрөөд гурван долоо хоногтой байхдаа хөлд орсон. Мөн тус улсын гольфийн тэмцээнд дээд амжилт тогтоосон” тухай мэдээг сонсоогүй солонгос хүн гэж бараг байхгүй гэнэ. Түүний гольфийн тэмцээний дээд амжилтын тухай яриа барууны оронд хүртэл сонсогдсон билээ.
“Ким Жон Ил төрөх үед тэнгэрт хоёр солонго гарчээ”
Энэ бол Хойд Солонгосын ард түмний хамгийн их сонссон суртал ухуулга байсан юм. Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан ядуу буурай ард түмэнд ийм суртал ухуулга хүчтэй нөлөөлж, Ким Жон Ил бол агуу удирдагч гэдэгт итгэсэн билээ.
Эх сурвалж: The Washington Post