Барак Обама Цагаан ордонд ажилласан найман жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албан ёсны гэрэл зурагчин Пит Соуза хоёр сая шахам зураг авчээ. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч, залгамжлагчдаа ажлаа хүлээлгэн өгсөн цагаас эхлэн Соуза сошиал сүлжээнд экс-ерөнхийлөгчийн гэрэл зургуудыг нийтлэн тавьж, “Инстаграм”-ын алдартан болсон юм.
Тэргүүн хатагтай Меланья Трамп нөхрийнхөө гарыг алгадсан бичлэг сошиалд шуугиан тарих үед Соуза харин Барак Обама эхнэрийнхээ гарыг энхрийлэн атгаж буй зургийг оруулав. Трамп исламын шашинт иргэдийн эсрэг аяллын хоригоо танилцуулахад Соуза залуу дүрвэгчтэй уулзаж буй Обамагийн зургийг нийтэлсэн юм. Энэ мэт жишээ нэлээд хэдийг дурдаж болно.
Пит Соуза арваннэгдүгээр сард “Обама: Хувийн хөрөг” нэртэй гэрэл зургийн номоо гаргасан юм. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Барак Обама гэж хэн байсан бэ гэдгийг тэр энэ номоороо бүрэн харуулжээ.
Түүний Cosmopolitan сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Хамгийн анх яагаад Инстаграмд нэгдье гэж бодох болов. Юу таныг тийш нь хөтөлсөн хэрэг вэ?
-Үнэнийг хэлэхэд би энэ тухай ойлголт маруухан явсан хүн. 2011 онд юм уу даа, Цагаан ордны Цахим стратегийн газраас намайг Инстаграм хаяг нээхгүй юм уу гэж асуусан юм. Би ч хаяг нээсэн, гэхдээ төдийлөн ашигладаггүй байлаа. Зүгээр л хүмүүсийг дагадаг байсан.
Эцэст нь би найзынхаа тусламжийг авсан юм. Брэд Мангин бол бейсболын зурагчин. Бас Инстаграмд идэвхтэй, би түүнийг дагадаг байлаа. Тэр спортын талбар дахь жинхэнэ өрсөлдөөнөөс гадуурх гэрэл зургуудаа оруулдаг. Детальчилсан зохиомжтой зургууд, эсвэл тамирчид тоглолтын өмнөх хувцас солих өрөөнд байгаа гэх мэт.
Би түүн рүү утас цохиод, хэлсэн юм. “Сонс доо, Цагаан ордон намайг Инстаграм хаягтай бол гэж байна. Ер нь яадаг бол? Чи яажшуухан ажиллуулдаг юм?” гэж. Гэтэл тэр маш их баярласан янзтай, “Бурхан минь гэж, хүмүүст таалагдалгүй яах вэ. Ажил хэрэг болгох хэрэгтэй шүү” гэсэн юм. Надад тохирох ажил гэж найз минь сэнхрүүлсэн хэрэг.
-Обама ерөнхийлөгчийн албанаас буусны дараа ерөнхийлөгч байх үеийнх нь зургуудийг оруулъя гэж хэрхэн шийдэв?
-Хувийн шинэ хаягаа нээчихээд нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгч Обама нисдэг тэрэгний цонхоор Цагаан ордныг харж байгаа зураг нийтэлсэн юм. Юу гэж бичсэнээ сайн санахгүй байна, ямартай ч “Салах ёс” гэсэншүү утгатай зүйл бичсэн. Бодсоноос минь илүү хурдан тархаж, хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж эхэлсэн. Учир нь ерөнхийлөгч Цагаан ордноос явж байгаа нь тэр өдрийн хамгийн чухал мэдээ байсан. Тэгээд л би бодсон доо, “Ерөнхийлөгч Обамагийн түүхэн гэрэл зургуудыг энэ мэтчилэн үргэлжлүүлэн оруулаад байж болох юм. Хүмүүс хэрхэн хүлээж авахыг нь харъя” гэж.
-Доналд Трамп мэдэгдэл хийх, эсвэл шинэ бодлого, шийдвэрээ танилцуулах үед та түүнтэй төстэй улс төрийн холбогдолтой гэрэл зураг оруулж, түүгээрээ ч чамгүй алдаршсан. Зарим хүмүүсийн шүүмжлэл гэж ойлгож, хүлээж авдаг тэдгээр зургуудыг яагаад оруулах болов?
-Ямар нэг санаа бодол агуулаагүй ээ. Тухайн хүн улс төрийн аль хүрээлэлд хамаардгаас шалтгаалаад миний нийтэлсэн зургуудыг өөр өөрөөр хардаг гэж бодож байна. Гэрэл зураг бол субъектив хэрэгсэл. Хүмүүс өөр өөрийн өнцгөөс хүлээж авдаг. Хүмүүсийн бичсэн сэтгэгдлээс ч үүнийг илхэн харж болно.
-Олон хүмүүс таныг ерөнхийлөгч Трампыг ёжилж байна гэж тайлбарласан байсан?
-Миний нийтэлсэн гэрэл зураг өөрөө өөрийгөө илэрхийлж байгаа хэрэг гэж боддог.
-Обама болон бусад ерөнхийлөгч нар цэрэг эрсийн ар гэрийнхнийг хүлээн авч байгаагүй гэж Трамп хэлсний дараа та Обамагийн гэр бүлийнхэн амь үрэгдсэн армийн түрүүчийн эцэг, эхтэй уулзаж буй зургийг нийтэлсэн байсан. Гэрэл зураг буруу зөрүү мэдээллийг залруулдаг гэж та боддог уу?
-Магадгүй л юм. Болж байгаа бүхэн өөрөө баримт шүү дээ.
-Ямар нэг онцлох үйл явдал болоход та Инстаграмд оруулах зургаа урьдаас мэдэж байдаг уу, эсвэл зургийн сангаасаа эхнээс нь хайдаг уу?
-Өглөө сэрээд, хуанли хараад, 2009-2016 он хүртэлх яг тэр өдрөөр зураг хайж олоод, “Таван жилийн өмнөх энэ өдөр” ч гэх юм уу, тайлбар бичээд зургаа оруулдаг. Цаг хугацааг ухраадаг гэх үү дээ. Бас заримдаа ямар нэг онцгой үйл явдал болоход яг л тэр зургийг оруулна гээд шууд нүдэнд харагдах үе ч байдаг.
-Яг тэгж шууд санаанд орж ирсэн ямар зураг байна вэ?
-Хойд Солонгосын удирдагчийг “Пуужинтай бацаан” гэсэн тухай дуулиан гарсан даа. Миний хувьд Элтон Жоны “улаан фен”. Тэр л миний хувьд “Пуужинтай эр” байсан. Бас тийм нэртэй хит дуу нь ч байдаг. Коллежид бил үү, эсвэл төгсөх ангид байхад ид моодонд орж байсан юм. Надад шууд л тэр зураг санаанд орсон.
-1.9 сая, бараг хоёр сая шахам зургаас та номондоо оруулах зургаа хэрхэн сонгосон бэ?
-Нэгдүгээрт, түүний ерөнхийлөгчийн засаглал ямар байсан бэ? Түүний удирдсан найман жилийн гол дүрслэл юу байв? Хоёрт, тэр хувь хүнийхээ хувьд хэн бэ? Гуравт, түүний тухай юу ч өгүүлэхээргүй зүгээр л уран сайхны, гоо зүйн мэдрэмжтэй зургууд. Аль болох тэнцвэртэй байлгахыг зорьсон. Номонд маань багтаагүй миний хамгийн дуртай зургууд ч бий. Нэг л тохирч өгөхгүй байсан хэрэг. Гэтэл миний төдийлөн ойшоодоггүй боловч түүний ерөнхийлөгчийн засаглалын түүхийг илэрхийлсэн чухал гэрэл зургууд номонд багтсан байгаа.
-Тухайлбал?
-Холбооны шоронд зочилсон хоёр хуудас зураг бий. Барак Обама бол холбооны шоронд очсон АНУ-ын анхны ерөнхийлөгч. Тэдгээр зураг яахав зүгээр л дээ. Гэхдээ зайлшгүй орох ёстой, чухал гэдэг утгаар нь оруулсан. Бас номонд оруулж чадаагүй хэд хэдэн зураг бий. Харамсалтай нь, түүнийг эрх барьж байх хугацаанд хэд хэдэн удаа галт зэвсэг ашигласан масс аллага гарсан. Гэхдээ тэр бүгдийг номондоо оруулна гэвэл тун нь ихдэх гээд байсан. Тиймээс би Ньютауны бага сургуульд гарсан хэргийг сонгосон юм. Түүний хувьд үнэхээр хүнд өдөр байсныг би сайн санаж байна.
-Обамаг ерөнхийлөгчөөр томилогдсоны дараахан авсан анхны зургуудын чинь нэг нь Тангаргийн баярын үдэшлэгийн өмнө Мишель Обаматай хамт зогсож буй зураг байх. Тэр үед яг юу болсон юм бэ?
-Вашингтон конференц-центрийн ачааны цахилгаан шатанд авсан зураг юм. Тэр газар гурав, бараг дөрвөн ч үдэшлэг болж байсан. Бид нэгээс нөгөө рүү дамжаад л явж байлаа. Бидний суусан ачааны зориулалттай цахилгаан шат маш хүйтэн байсан. Тийм болохоор Обама гоёлын хүрмээ тайлаад Мишелийн мөр дээгүүр нөмрүүлсэн. Миний хамгийн нандигнаж явдаг зүйл гэвэл энэ хэсэгхэн хором тэр хоёрын хувьд маш дотно мөч байсан. Гэтэл ард нь байгаа аюулгүй алба, хамгаалалтынхан хараагүй юм шиг царай гаргаад зогсож байгаа биз дээ?
-Гэрийн халадтай хунтайж Жоржтой уулзаж буй бас нэг зураг бий. Нийтлэгдсэн даруйдаа нэлээд алдаршсан. Тэрхүү зургийн түүхийг хуваалцаач?
-Бид Их Британид байсан юм. Обамагийн гэр бүлийнхэн хунтайж Уильям, түүний гэргий Кейт нартай оройн зоог барихаар явсан юм. Хэдийд хэрхэн зураг авах ёстой талаар тодорхой мэдсэн зүйлгүй байлаа. Гэтэл манай үйл ажиллагааны хэлтсээс над руу ярьж байна. Хунтайж Уильям намайг дотогш орж ирээд, хунтайж Жорж Обамагийн гэр бүлийнхэнтэй уулзах үед зураг авч өгөхийг хүссэн гэдэг байгаа. Ихэс дээдсийнхний хувьд энэ тэр бүр олдоод байх боломж биш. Гэхдээ тэд их найрсаг хүлээж авсан.
Уиндсор цайзын ажилтан намайг арын хаалгаар оруулсан учраас би Обамагийн гэр бүлийнхнээс урьтаад зочны өрөөнд яваад орчихлоо. Гэтэл хунтайж Жорж гэрийн халадтайгаа зогсож байхыг харсан юм. Тэд хаана зогсож, мэндчилж болохыг ажиглаад би байрлалаа олоод зогссон. Зургийг сайн харвал, буланд ширээ харагдана. Ерөнхийлөгч, бас хунтайж Жорж хоёрыг хоёуланг нь гаргаж чадах зураг авахын тулд надад маш нарийхан зай олдсон юм. Мэдээж надад Мишель тод харагдаж байсан. Гэхдээ замд ширээ байсан тул үүнээс өөр боломж олдоогүй. Би тэнд 20 минут орчим байсан байх. Тэгээд асрагч эх орж ирээд, хунтайж Жоржыг унтуулахаар аваад гарсан даа.
-Ангела Меркел модон сандал дээр суугаа Обамагийн өөдөөс хараад гараа дэлгэсэн тэр зургийг нийтэлсний дараа хүмүүс янз бүрээр тоглоом шоглоом хийсэн. “Наашаа хүрээд ир, дүү минь” гэж байна гээд л… Меркел яг юун тухай ярьж байсан юм бэ?
-Нэг томоохон чуулга уулзалтын үеэрх зураг. Бүхий л удирдагч нар тэр сандал дээр суугаад бидний “гэр бүлийн зураг” гэж нэрлэдэг тийм зураг авхуулах ёстой байсан юм. Тэгээд л ерөнхийлөгч хамгийн түрүүнд ирээд суучихсан хэрэг. Магадгүй байгалийн үзэсгэлэнг харах санаатай байсан биз. Харин Меркел юу ярьж байсныг ёстойг бүү мэд. Тэр хүрч ирээд ямар нэг зүйл хэлсэн, дараа нь дэргэд нь суугаад тэд ярилцсан. Тэдний харилцаа найрсаг байдаг.
-Бас нэг зураг байна. Обама гадаад бодлогын зөвлөх Бен Роудсын охин Эллэ Роудсыг тэвэрчихсэн, охин зааны хувцастай. Ерөнхийлөгч яагаад газар хэвтсэн байсан юм бол?
-Элла тэр үед хөлд ороогүй байсан шиг санаж байна. Элла мөлхөж байгаагаас эхлээд хэд хэдэн агшин надад бий. Жаал мөлхөж байгаад Элла хивсэн дээр суусан. Ерөнхийлөгч ч бас газар суугаад, Эллаг өөр рүүгээ мөлхөж ирүүлэх санаатай дуусан юм. Элла ч мөлхөөд очсон. Тэгээд л ерөнхийлөгч газарт хэвтээд охиныг агаарт өргөж, тоглуулсан. Хөгжилтэй мөч байсан.
-Таны Инстаграм хаяг яагаад маш олон хүнийг татаж чадсан гэж бодож байна?
-Экс-ерөнхийлөгчид агуу чанар бий. Хүмүүс түүнийг санадаг. Миний бодлоор тэдгээр гэрэл зургууд ерөнхийлөгч, түүний засаг захиргааг хүмүүстэй холбох гүүр нь болдог байх. Эргэж очихыг хүсдэг өнгөрсөн цаг үеийг нь харуулдаг учраас тэд дуртай байдаг байх аа.
Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ