Төрийн албан тушаалд очмогцоо татвар төлөгчдийн мөнгөөр тансаг машин авч унах нь элбэг. Энэ асуудал байнга шүүмжлэлд өртдөг. Улстөрчид ч чамгүй шоудна. УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр гэхэд том оврын жийпнээс татгалзах санааг сонгуулийн сурталчилгааныхаа гол хэрэгсэл болгож байв. Хотын дарга “Приус” маркийн машин албан хэрэгцээндээ унадаг болсон. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа төрийн албанд том оврын жийп хэрэглэхийг хязгаарлахыг үүрэгдсэн.
Уг нь хот дотор 100 километрт 16 литриэс дээш шатахуун хэрэглэхийг хориглох шийдвэрийг одоогоос 10 жилийн өмнө гаргаж байсан юм. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр тэр шийдвэр зэрэг мартагдаж, 2017 онд гэхэд л Засгийн газар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн байгууллагуудын хэрэглээнд зориулж төсвийн мөнгөөр том оврын жийп машин тавыг худалдан авчээ. Ингэхдээ 2016 хамгийн үнэтэйг нь авсан байх жишээний. Харин 2012-2016 онд дарга нарын албан хэрэгцээнд зориулж 13.7 тэрбум төгрөгөөр Land 200 маркийн машин 119-ийг, 2.9 тэрбум төгрөгөөр Nissan Patrol маркийн жийп 40-ийг, 2.3 тэрбум төгрөгөөр Lexus 570 маркийн 13 ширхэгийг шинээр худалдан авсан баримт дурайж байна.
2012 оны үед төрийн өмчид 12 мянга гаруй автомашин бүртгэлтэй байсан бол 2016 он гэхэд бараг хоёр дахин буюу 22 мянга болж нэмэгджээ. Тэд ингэж л татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг.
Харамсалтай нь, энэ олон машинаар овойж оцойсон ажил амжуулах гэхээс илүүтэй хүүхдүүдийг нь сургууль, цэцэрлэгт зөөж, эхнэрүүд нь дэлгүүрээс хүнсээ цуглуулахад ашиглах нь олон.
Хямралтай хямралтай гэх мөртөө хотын төвөөр том оврын шинэхэн жийпүүд салхи татуулан давхиад байгаагийн цаад шалтгаан нь энэ ч байж болно. Борлуулалт, худалдан авалт, орлого нь буураад байхад шинээр том том жийп худалдаж аваах байх хувийн хэвшлийнхэн бараг байхгүй? Төрийн хөрөнгө үнэ цэнэгүй байдаг болохоор машин авна уу, онгоц авна уу, хэнд ч хамаагүй.
Өмнө нь төрийн албаны машиныг танихад амархан байлаа. Дугаараараа хувийн эзэмшигчдээс ялгаатай байсан болохоор. Нэг нь хар, нөгөө нь цагаан. Тухайн үед үнэтэй жийп гэхээсээ “УБЗ…” улсын дугаараар “гангардаг” байв. Учир нь замын цагдаа зогсоохгүйн дээр урсгал сөрөхөөс эхлээд олон давуу боломжийг олгодог байсан учраас тэр. Энэ дугаараар нь иргэд бас энэ машин төрийн албаных юм байна гэж таньдаг байж.
Гэтэл төрийн тансаглал, давуу байдлыг хумина хэмээн машины дугаар, танигдах өнгө зэргийг ялгаатай байхыг нь болиулж, дипломат албаны авто машинаас бусдыг нь ижил болгосон. Зөв юм шиг харагддаг байсан боловч үүний сөрөг тал нь хэн дуртай нь ичгүүр, сонжуургүйгээр төрийн мөнгөөр өндөр үнэтэй машин унадаг болов. Хэн хүн хараад мэдэхгүй болохоор “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэж бодож байгаа гэж хэлж ч болохоор. Бас хэн дуртай нь дуут дохио хэрэглэж, тэр нь ямар ч хяналтгүй болжээ. Энэ намар замын цагдаад томорсон аархуу залуугийн араас цагдаагийнхан гэнэт ухаарсан мэт баахан дуут дохио хурааж, ажил дээрээ ажил нэмсэн байх.
Тиймээс өнөөдөр дээрх шийдвэрийг эргэн харж, төрийн албанд хэрэглэдэг авто машины улсын дугаарыг ялгаатай болговол олон асуудал шийдэгдэхээр бодогдоно. Бүр төрийн албаны машиныг тэмээнээс тэмдэгтэй болгомоор байгаа юм. Хар дээр цагаанаар, цагаан дээр хараар бичдэг ч юм уу, өнгийг нь өөрчлөхөд болох биз. Тэгж байж л төрийн мөнгөөр тансаг машин авч, эхнэр, хүүхдээ зөөдөг байдал арилна. Үгүй гэхэд, хэн төрийн машинаар хаана, юу хийж явааг иргэд ядаж харж, хянаг л дээ. Хариуцлага нэхэхэд ч амар болно.
Ингэж чадвал, цэцэрлэг, сургууль, эмнэлэг барья гэхээр олддоггүй мөнгөө хэмнээд гаргаад ирэхийг ч үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд, төрийн өмчийн хянах байгууллагаас илүү иргэдийн хяналт шууд утгаараа үйлчилж эхэлнэ. Түмний нүдэн дээр төрийн унааг хувьдаа ашигладаг хурган дарга нар эрхбиш нэгийг бодох байлгүй. Хувийн ажлаа албаны машинаар амжуулдаг нөхдөд худлаа ч гэсэн ичих булчирхай бий байлгүй.
Холбоотой мэдээ