Алтны үнэ 1750 ам.доллараас давлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Алтны үнэ 1750 ам.доллараас давлаа

АНУ-ын зээлжих эрхийг бууруулсан явдлаас хойш үндсэндээ зах зээлд алтнаас өөр
найдвартай зүйл үгүй гэсэн ойлголт давамгайлж буй бололтой. Учир нь унц алт өчигдөр 1750 ам.доллараас давж үнэлэгджээ.

Нью-Йоркийн биржид алтны 12 дугаар сарын гэрээт үнэ 1756.80 ам.долларт хүрч, урьд байгаагүй дээд амжилт тогтоожээ. Алтны үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа бөгөөд он гарсаар 23 хувиар үнэ нь чангараад байна.

АNZ-ын түүхий эдийн шинжээч Наталий Робертсон “Хөрөнгө оруулагчид одоо дэлхийн эдийн засгийн өөр нэгэн уналттай тулгарах нь гэж санаа зовниж байна. АНУ-ын зээлжих эрхийг Standard&Poor’s бууруулсан нь ийнхүү сөрөг таамаг газар авахад хүргэж байна. Одоо зах зээлд оролцогчид Европын байдлыг ажиглаж сууна” гэжээ.

Дэлхийн зах зээл дэх үйл явцыг Фүкүшимагийн гамшгийн дараа Японы индексүүд буурч байсантай адилтгаж болохоор байгаа юм.

Өчигдрөөс эхлэн дэлхийн топ биржийн индексүүд огцом унаад эхэлжээ.
Одоо S&P 500 индекс 6.7 хувиар, Nasdaq 6.9 хувиар, FTSE 100 индекс 3.39 хувиар, Никкей 2.64 хувиар, Hang Seng 6.01 хувиар тус тус унаад байна. Мөн Оросын MICEX индекс 5.5 хувиар, RTS индекс 7.8 хувиар огцом буурчээ.
Үүнээс харахад томоохон компаниудын хувьцаа бүхэлдээ эрчимтэй унаж буй нь харагдаж байна.

Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчдын алтыг шүтэх сонирхол улам дэврэх нь гарцаагүй юм.

JP Morgan үзэхдээ, АНУ-ын зээлжих эрхийн бууралттай холбоотойгоор оны эцэс гэхэд унц алт 2500 ам.доллар буюу түүнээс илүү үнэд хүрнэ гэсэн бол АНУ-ын банк бидний алтыг 1800 ам.долларын үнэд хүрнэ гэсэн урьдны тооцоолол бол “нэлээд консерватив” шинжтэй байсан юм гэжээ.

АНУ-ын зээлийн эрхийн түвшин буурснаар бусад түүхий эдийн үнэ үргэлжлэн унасаар байна. Тухайлбал өчигдөр Лондоны металын биржид тонн нь 9190 ам.доллар/тонн-ын үнэтэй байсан зэс өнөөдөр 9039 ам.доллар болж буураад байна.  

Хэрэв АНУ, Европын өрийн асуудалтай холбоотой зах зээлийн савалгаа даамжирвал 2008 оны сүүлээр тохиосон эдийн засгийн хямрал дахин давтагдах магадлал улам тодорч байна. Түүнчлэн алтны үнэ ийнхүү огцом өсч буй нь үүний маш тод дохио юм.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж