МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг томилсон, нам нь дотооддоо хоёр хуваагдсан гэх мэт асуудлууд олны анхаарлын төвд байгаа. Энэ асуудлуудаар МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай ярилцлаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын бага чуулган болж, намын даргаа өөрчилсөн гэнэ, МАХН хоёр хуваагдсан гэнэ гэх дуулиан тараад байна. Та төрийн ордонд болсон намынхаа хуралд оролцсон уу?
-МАХН-ыг хагараасай, бутраасай, хуваагдаасай гэсэн хүсэл мөрөөдөл МАНАН-гийн олигархи бүлэглэлүүдэд асар их байгаа. Тэд мөрөөдлөө л ярьж байна. Тэдний захиалгаар МАХН хоёр хуваагдсан, даргаа сольсон мэтээр харагдуулах, өөрийгөө даргаар тавиулах жүжгийг О.Баасанхүү, н.Бямбасүрэн хоёр хийлээ. Одоо удахгүй МАН нууцаар хуралдаж О.Баасанхүүг МАН-ын даргаар тавилаа гэдэг мэдээ цацагдахад би лав гайхахгүй.
-Яагаад? МАН яах гэж О.Баасанхүүд намаа өгөх юм?
-Бид тэгвэл О.Баасанхүүд намаа өгөөгүй шт. Авсан юм шиг жүжиглэж бол хэн ч чадна.
-360 гишүүн төрийн ордонд шөнийн 12.00 цагт ороод намын даргынхаа төлөө саналаа өглөө гэдэг мэдээ яах аргагүй үзсэн дээ?
-360 гишүүн биш шүү дээ. Хаа хамаагүй хүмүүсийг автобусаар ачаад авчирсан л байхгүй юу. Тийм учраас жүжиг гэж хэлээд байгаа юм.
-Та тэгээд яагаад тэр хуралд оролцсон юм?
-Хурал биш шүү дээ, цуглаан. Би тэнд очиж тэр цугласан хүмүүст “Та нар минь МАХН-ын нэрийг барьсан ийм муухай, бузар булай, хуулийн үндэслэлгүй, дүрэм журамгүй юманд битгий оролцоорой” гэж хэлээд гарсан. Үүнийг сонсоод маш олон хүн тэр цуглааныг хаяж гарсан. Дүрмийн дагуу МАХН ирэх хоёрдугаар сард хурлаа зарлаад одоо бэлтгэл ажилдаа орчихсон шүү дээ. Үүнийг манай намын гишүүд мэдэж байгаа.
-Та жишээ нь тэнд тийм цуглаан болох гэж байна гэдгийг яаж мэдсэн юм?
-Би тэр өдөр нь сонсоод л очсон.
-Бусад хүмүүс хаанаас ямар мэдээлэл авсан юм бол?
-Мэдэхгүй.
-Намын даргаа солиход та байсан уу?
-Байгаагүй.
-Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээрээ байгаа гэсэн үг үү?
-Хэвээрээ байгаа.
-О.Баасанхүү МАНАН-гийн захиалгаар хийсэн гэж та яагаад гэж бодсон юм?
-Энэ олон хүнийг хөдөө орон нутгаас авчрахад, зочид буудалд байрлуулж, мөнгө төгрөг өгөхөд хэр их мөнгө орох вэ? Нэлээд хэдэн зуун сая төгрөг орсон байгаа шүү дээ.
-Орон нутгаас хүмүүс ирсэн юм уу?
-Ирсэн байх магадлалтай. “Христийн итгэгчдийн цуглаан болно” гэж хэлээд зах дээр явж байсан хүмүүсийг ачаад ирсэн гэдэг мэдээлэл бидэнд байгаа. Тэгээд “Баянгол” зочид буудалд байрлуулсан. Мар том ашиг сонирхлын төлөө асар их мөнгөөр хөдөлж байна гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгоно. Би АН, МАН-ын шударга гишүүдийг хэлээгүй шүү. Тийм учраас МАНАН гэж яриад байгаа юм. АН, МАН-ын дээр байгаа Тавантолгой, Оюутолгойд савраа шургуулчихсан бүлэглэлүүдийг хэлж байна. Нөгөө 30 гэр бүл гэж яриад байгаа биз дээ. Энэ хүмүүсийн амьдрах хугацаа дуусч байгаа. МАНАН Монголын ард түмэнд жигшигдэж амь тасарч байна. Тэд амьдрах хугацаагаа жаахан сунгая гэвэл дараачийн сонгуульд ялах магадлалтай МАХН-ыг хувааж, хүчтэй сайн лидер, удирдагчдыг нь үгүйсгэх хэрэгтэй. Үүний төлөө л тэд мөнгө төлж О.Баасанхүү, н.Бямбасүрэн хоёроор энэ хоёр өдрийн цуглааныг зохион байгуулуулсан гэж би хувьдаа бодож байна.
-“Баянгол” зочид буудалд байрлуулсан гэхээр одоогийн Ерөнхийлөгч ч гэсэн үүнд оролцсон гэж бодож байна уу?
-Мэдээж тийм. Энэ бол баримттай, нотолгоотой зүйл. Энэ үйл явдал харин ч биднийг эв нэгдэлтэй, анхаарал сэрэмжтэй байхад түлхэц болж байна гэж би хувьдаа ойлгож байгаа.
-Циркэд бас ямар хурал болсон юм?
-Тэр бол манай намын удирдах ажилтны зөвлөгөөн болсон юм.Манай намын түмт, мянгат, зуут, аравтын дарга нарын болон идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөн болсон.
Эх сурвалж: infomongol.mn