УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.12.12/ болж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачилсан байна.
УИХ-аас 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг сэргээн цагаатгах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэн нөхөх олговор олгох, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг хийж иржээ. Гэвч 400 гаруй иргэний асуудал нотлох баримтгүйгээс болж, өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй байна.
Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа иргэдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хоёр жил байхаар зөөж өгсөн аж. Ингэснээр өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгох эрх зүйн харилцаа үүсэх юм. Хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжихээр төсөлд тусгажээ. Хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачилсан байна.
Г.ДАРЬ