Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч наймдугаар сард Францын нийслэл Парис хотноо болоход 63 кг-ын жинд П.Орхон аваргын алтан медаль хүртэж, эмэгтэй багийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ. Тэгвэл энэ жил анх удаа бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн Быдгош хотноо өнгөрөгч арваннэгдүгээр сард болж, эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг-д А.Батцэцэг мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр “Сомбатхей 2011” өсвөрийн ДАШТ-ээс мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан бол ийн “U 23” ДАШТ-д түрүүлсэн анхны тамирчин болжээ.
Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой алт, мөнгөн медальт Соронзондболдын Батцэцэгийг монголчууд андахгүй. Тэгвэл чөлөөт бөхөд дахин нэг Батцэцэг гэх авьяастай бөх тодрон гарч ирж байна. Хамгийн сүүлийн тэмцээний тухай дурьдахад, ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртэхэд П.Орхон, А.Батцэцэг нар нэг ч ялагдал хүлээгээгүй юм.
Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид даваа гаригт /2017.12.10/ Дэлхийн цомд оролцсон амжилтынхаа талаар хэвлэлийн хурал хийх үеэр залуу тамирчин Алтанцэцэгийн Батцэцэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. Чөлөөтийн шинэ одтой танилц.
-Таны хувьд хамгийн сүүлд оролцсон гурван тэмцээнээсээ алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард гурван тэмцээнд оролцож, бүгдэд нь хүссэн амжилтаа гаргасандаа сэтгэл хангалуун байна. Польшид болсон 23 хүртэлх насныхны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна ОХУ-ын Дэлхийн цом, нээлттэй тэмцээнд сайн оролцлоо. Бид багаараа Дэлхийн цомын амжилтаа ахиулж, медаль хүртэхийн тулд маш сайн хичээсэн. Манай багийн хамтын хүч ялалтад хүргэж чадлаа.
-“U-23” ДАШТ-ий аварга болоход ойр байлаа. Алдаа юу байв?
-Жиндээ Швед, Энэтхэг, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд Японы Юзүрү Күманотой барилдах байсан. Финалын барилдааны үед хөлөндөө /шагай/ бага зэрэг гэмтэлтэй байсан. Хожих боломж байсан ч тактикийн алдаа гаргаад ялагдсан. Дараа дараагийн тэмцээнд тийм алдаа гаргахгүйг хичээж, улам их амжилт гаргана.
-Дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийг багийн хамтаар хүртлээ. Тэмцээний тухай та юу хэлэх вэ?
-Багийн тэмцээн учраас бүгд хүчээ дайчилж, сайн барилдлаа. Миний хувьд анх удаа Дэлхийн цомд оролцож байгаа болохоор их хичээсэн дээ. Энэ удаагийн багт залуу тамирчид түлхүү багтсан. Гэхдээ бид хүрэл медалийн төлөө АНУ-ын багийг хожиж, эх орондоо Дэлхийн цомын медальтай ирлээ. Хамгийн хүнд барилдаан БНХАУ, АНУ-ын багтай хийсэн барилдаан байлаа.
-Чөлөөт бөхийн спортоор яагаад хичээллэх болов?
-Энэ спортод би бага байхын дуртай байсан. Тамирчин хүн сахилга бат, дэг журамтай бадаг гээд олон давуу талууд нөлөөлсөн. Эмэгтэй хүний хувьд хүнд байдаг ч гэлээ багш нарынхаа ачийг хариулах гэж хичээж явна. Дараа дараагийн тэмцээнд алдаагаа засаж, амжилтаа ахиулах болно.
Алтанцэцэгийн БАТЦЭЦЭГ
Харьяалал:
- “Хасу-Мегастар” клуб, Үндэсний шигшээ баг
- Дасгалжуулагч: “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан
Амжилтууд:
- 2017 Дэлхийн цомын хүрэл медаль
- “U-23” ДАШТ-ий мөнгөн медаль
- 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө,
- 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга,
- 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт
- 2014, 2017 оны хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит Олон улсын тэмцээний алт, “Mongolia Open” олон улсын тэмцээний нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медаль хүртсэн.