Аргентины шумбагч хөлөг 44 гишүүнтэйгээ сураггүй болсноос хойш 26 хоногийн дараа дуу авианы локатораар хайгуул хийж байсан ажилчид далайн ёроолд нэгэн биет илрүүлсэн гэнэ.
Тус улсын тэнгисийн цэргийн хүчнийхэн сураггүй болсон шумбагчийг дэлбэрсэн гэдэг таамаг дэвшүүлсэн юм.
Гэвч хөлгийн гишүүдийн ар гэрийнхэн шумбагч хөлгийг олж, тэдэнд юу тохиолдсоныг тогтоохоос нааш эрлийн ажиллагааг зогсоохыг эсэргүүцсэн юм.Аргентины тэнгисийн хүчний төлөөлөгч мэдээлэхдээ “Атлантын далайн өмнөд хэсэгт дуу авианы локатораар тэнгисийн ёроолд, 1000 метрийн гүнд асар том хэмжээтэй нэгэн биет байгааг тогтоосон. Биетийн байршил болон хэмжээнээс нь үүнийг сураггүй болсон шумбагч хөлөг байж магадгүй гэж таамаглаж байна” гэжээ.
Хөлгийн багийн ар гэрийнхний эсэргүүцэлтэй тулгарсан учраас Аргентины тэнгисийн цэргийн хүчнийхэн эрлийн ажиллагааг зогсоох товыг хараахан гаргаагүй байгаа юм.
Шумбагч хөлөг хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 15-нд Атлантын далайн өмнөд хэсэгт эргээс 450 км-ийн зайтай газраас холбоо барьсан билээ.
Олон улсын хамтарсан аврагчид эрлийн ажиллагааг явуулсан боловч шумбагчийн сэгийг ч олоогүй юм.
Шумбагч хөлөг холбоо барьснаас гурван цагийн дараа тус байршлаас 48 км-ийн зайд хачин дуу авиа бүртгэгдсэнийг шумбагч хөлгийн дэлбэрэлтээс үүссэн чимээ байж магадгүй гэж таамагласан.