Гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж байсан гэх үндэслэлээр баривчлагдаад байсан Михаил Саакашвилиг Украины Печерски тойргийн шүүхээс суллах шийдвэр гаргажээ. Гүржийн ерөнхийлөгч асан, Украины Одесс мужийн захирагчийг өчигдөр /2017.12.11/ сулласан байна. Шүүх түүнийг гадуур байцаахыг зөвшөөрчээ.
Прокурорын байгууллагаас Саакашвилиг гэрийн хорионд оруулах хүсэлт тавьсан ч шүүх хүлээж аваагүй байна.
Украины тусгай албаныхан Саакашвилиг арванхоёрдугаар сарын 8-ны орой баривчлан саатуулжээ. Түүнээс өмнө арванхоёрдугаар сарын 5-нд түүнийг гэмт хэргийн бүлэглэлд дэмжлэг үзүүлж, хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр баривчлан саатуулсан ч Саакашвилиг дэмжигчид тусгай албаны автомашинаас түүнийг чөлөөлөн авчээ.
Саакашвили өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, баривчлан саатуулах болсон нь улс төрийн санаа зорилготой гэж мэдэгдсэн. Тэрбээр хорих байранд саатуулагдаж байх хугацаандаа өнгөрсөн бямба гариг /2017.12.09/-аас эхлэн өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
С.ЦЭЛМЭГ