Оюутолгойд аудит хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Оюутолгойд аудит хийнэ

Оюутолгойд аудит хийнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2017.12.12/ хуралдаж, Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний аудитын газар нь ирэх онд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Засгийн газрын авто бааз, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тос, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарах асуудал, Төрийн орон сууцны корпораци, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудит хийхээр төлөвлөжээ. Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардагдах юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Ирэх онд хийх аудитыг эргэн нягталж, улсын, төрийн чанартай аудит болгон өөрчлөх шаардлагатай. Гол асуудлууд багтаагүй байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Аудитын байгууллага гишүүдийн захиалгаар аж ахуйн нэгжтэй ноцолдвол хайран цаг хугацаа зарцуулсан болно. Эрдэнэс тавантолгой компанитай ноцолдох ямар хэрэгтэй юм. “Эрдэнэс Монгол” гэж зээл авч өр тавьдаг газар байна. Хэд, хэдэн компанийн хувьцаа эзэмшдэг компани. Юу хийдэг нь ойлгомжгүй. Концессоор барьсан замын ажлын чанарыг шалгахын тулд зам өрөмдөнө ч гэх шиг ямар хэрэгтэй юм бэ” гэлээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Санал нэг байна. Засгийн газрын авто баазыг Хэрэг эрхлэх газар нь шалгана биз. Эрүүл мэндийн салбартай холбогдох тэр асуудлыг яам нь татаж аваад шалгачих боломжтой. Иргэний нисэхийн ерөнхий газрыг шалгана гэх атлаа МИАТ компанийг яагаад шалгадаггүй юм бэ. Ямар учиртай компани болох нь ойлгогдохоо болилоо. Онгоцны тийз яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм. Шалгах ёстой. Хоёр дахь асуудал сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаа замбараагаа алдсан. Мөнгийг нь зөв зарцуулж байна уу гэдэг ойлгомжгүй болсон. Нууц нэрийн дор өөр юманд зарцуулж байгаа. Хянах ёстой хүмүүс нь үздэггүй, жийрхдэг, Энэ асуудлыг Аудитын газар нарийн шалгах шаардлагатай” гэж үзэв. Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан “Үндэсний аудитын газар Төмөр зам төрийн өмчит компани, Хөгжлийн банк зэрэг томоохон газруудад шалгалт хийгээд олон тэрбумын зөрчил илрүүлсэн. Гэвч хэрэг нь юу болсон нь мэдэгддэггүй. Жишээлбэл, тэр төмөр замтай холбогдох асуудал юу болов. Аудит хийчихээд хаяад байх юм бол санхүүгийн шалгалт хийх шаардлагатай юм уу” гэв.  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын өгсөн тайлбараар бол Төмөр зам төрийн өмчит компаниас гадна Гудамж төсөл, барилгын хоёр ч компанитай холбогдох зөрчил шалгалтаар илэрсэн учраас хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллагаас арга хэмжээ авсан гэсэн мэдээлэл ирүүлээгүй, шалгаж байгаа аж.

Эцэст нь гишүүдээс гаргасан саналын дагуу ирэх онд хийх аудитын шалгалтыг оновчтой болгож багцлахаар боллоо. Энэ дунд цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит нь хийх саналыг дээрх жагсаалтад багтаахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахлахаар болов. Ажлын хэсэг нь ирэх долоо хоног хүртэл ирэх онд хийгдэх төлөвлөгөөт аудитаын жагсаалтыг нарийвчилсны дараа Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, энэ асуудлаар шийдвэрээ гаргахаар болов.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж