"Нүүрсний машины тоог өсгөснийг шалгана"

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

"Нүүрсний машины тоог өсгөснийг шалгана"

"Нүүрсний машины тоог өсгөснийг шалгана"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2017.12.12/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны гаалийн онцгой албан татварыг  үе шаттай нэмэхээр болсон ч одоо болтол нэмээгүй.  Ирэх оны нэгдүгээр сараас  шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Аравдугаар сарын 1-нд онцгой албан татварыг сэргээх шийдвэр гарсны дагуу Сангийн яам болон манай яам  ОУВС-гийн төлөөлөгчидтэй ярилцаж тохирсны үр дүнд онцгой албан татварыг 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй учраас шатахууны үнэ тогтвортой байна.

-Гэтэл зарим аж ахуй нэгж шатахууны үнээ нэмсэн гэсэн мэдээлэл байна. Ер нь шатахуун түгээгч компаниудын үнэ яагаад жигд байдаггүй юм бэ?

-Онцгой албан татвар нэмэгдэж байгаа талаар  холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргүүлсэн. Шатахууны үнийг жигд байлгах боломжгүй. Компаниудын тээврлэлтийн зардал өөр өөр байдаг учраас нэг хэмжээнд барих боломжгүй. Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ.

-Иргэдийн зүгээс шатахууны үнэ буураасай гэсэн хүлээлттэй байгаа. Энэтхэг Улстай хамтарч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж эхэлсэн. Боловсруулах үйлдвэрийн ажлыг хэзээнээс эхлүүлэх вэ. Хэрэв үйлдвэр баривал шатахууны үнэ буурах боломж бий юу?

-Энэ ажлыг судлаж, хэрэгжүүлэх талаар саналын яригдаж байна. Шууд л үйлдвэр байгуулагдчихна гэж ойлгож болохгүй. Би нэг зүйлээс болгоомжилж байна. Энэ үйлдвэр цаасан дээрх үйлдвэр болох вий гэсэн болгоомжлол байна. Ямар ч байсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж өөдрөгөөр харж байгаа. ТЭЗҮ боловсруулах ажил ч урагштай явж байна.

-Өвөрхангай аймгийн Төгрөг суманд газрын тосны хайгуул хийж байгаа компани, иргэд хоёрын дунд маргаан үүссэн гэсэн. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэдээлэл ирсэн үү?

-Газрын тосны хайгуултай холбоотой Өвөрхангай аймгийн Засаг даргаас бичиг ирсэн. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан асуудал үүссэн гэсэн. 21 аймгийн удирдлагуудтай гэрээ хийж, орон нутгийн иргэд рүү хандсан тодорхой ажлуудыг хийхээр ярьж байна. Тухайн орон нутгийн удирдлагууд хангалтгүй ажилласан тал байсан. Гэхдээ хайгуул, ашиглалт хоёрыг ялгаж ойлгох ёстой. Хайгуулыг, ашиглалт гэж андуураад байгаа тал байна. Өвөрхангай аймагт нефтийн том орд илэрвэл орон нутгийн хөгжилд хэрэгтэй. Учир нь ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрт 30 хувийн татварыг орон нутгийн хөгжилд зарцуулдаг.

-Өнгөрсөн онд ‘Эрдэнэс Тавантолгой’ компани Чалкогийн өрийг дарсан. Тэгэхээр одоо тус компани ашигтай ажиллаж чадаж байгаа юу. Хэрэв ашигтай ажиллаж байгаа бол иргэдийн 1072 хувьцааг тараах асуудал яригдах уу?

-2015 оны дөрөвдүгээр сард Тавантолгойн бүлэг ордын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр оруулж ирсэн  ч хойшлуулсан. ‘Шинхуа’ болон ‘MCS’-ийн хамтарсан консерциум орж ирэхэд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд буцааж байсан. Тэр үед Чалкогийн өр, нүүрсний үнэ буурсан үе. Үүнээс жил гаруйн дараа Чалкогийн болоод дотоодын өрийг дарж, “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдөр өргүй, ашигтай ажиллаж байна. Өнгөрсөн оноос нүүрсний үнэ өссөн нь “Эрдэнэс Тавантолгойн” борлуулалтад ч гэсэн эерэгээр нөлөөлсөн. Мөн тээвэр ложистикоо сайжруулсны үр нөлөө гэж ойлгож болно.

-Гашуунсухайтын боомтод та очиж ажилласан. Байдал сайжирсан уу?

-Би сарын өмнө Гашуунсухайтын боомтод ажилласан. Сарын хугацаанд тогтоол шийдвэрүүд гарсан. Төрийн ажил тодорхой шат дамжлага дамжиж, судалгаа хийгдэж явсаар 15 хоног зарцуулсан байна. Өнөөдөр өглөө дэд ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр Цагаан хадны боомт руу явсан. Бид эхлээд хил гаалиар гарч байгаа тээврийн боомтын асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. 3500 байсан тээврийн хэрэгсэл богино хугацааны дотор яагаад 7800, 8500 руу хүрчихсэн юм бэ. Ямар үндэслэл шаардлагаар ийм зөвшөөрлийг нь өгчихсөн юм бэ гэдэг асуудлыг судалж байна. Авто тээврийн үндэсний төв өнөөдөр яагаад тээврийнхээ тоог нэмчих вэ. Тэгэхээр хил гаалийн нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэхээс өмнө машинуудынхаа тоо хэмжээг анхаарч зохицуулах ёстой. 130 км урттай цувааг зохицуулахын тулд зам барьж чадахгүй. Зам тээврийн яамыг ч гэсэн энэ асуудлаар шахалт өгч ажиллах болно.

-Хуурамч шатахуунтай зарж байна гэсэн мэдээлэл байсан. Үүнийг шалгаж байгаа юу?

-Онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор онцгой албан татвар төлдөггүй завсрын зарим бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирээд химийн нэмэлт бодисууд хольж, худалдаалсан тохиолдол гарсан. Энэ асуудлыг Газрын тосны газрын чанарын хэлтэс, МХЕГ хамтран ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Мөн энэ тал дээр БНСУ руу туршлага хуваалцах, судлах чиглэлээр яамны зүгээс мэргэжилтнүүд явуулж байгаа.

-Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ямар өөрчлөлт орсон бэ?

-Төсвийн тухай хуулийг дагалдаж, төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд ил тод нээлттэй байдлаар сонгон шалгаруулах үүднээс хуулийн төсөл боловсруулж Ашигт малтмалын тухай хуулийн дагалдах хуульд өөрчлөлтүүд ордог. Гэхдээ энэ хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг эргэн харах шаардлага байгаа. Ялангуяа лиценз шилжүүлэхтэй холбоотой асуудлаар эргэж харах нь зүйтэй. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид лиценз шилжүүлэхэд авах 30 хувийн татварыг өөрчлөх асуудлыг Элчин сайдын яамдаас ирүүлсэн. Тиймээс 30 хувийн татвар авах асуудлыг эргэн харах шаардлагатай байгаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж