Иракт хүний эрхийг уландаа гишгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Иракт хүний эрхийг уландаа гишгэж байна

Хэт даврагсдын бүлгэмүүдийн түрэмгийлэл хүчирхийлэл, эдийн засгийн сул дорой байдал, алдаатай шүүх тогтолцоо зэрэг нь Ирак улсад хүний эрхийг дээд зэргээр алдагдуулж байгаа талаар НҮБ-ын Иракт тусламж үзүүлэх багийн тайланд тусгагджээ. 

Тайланг эрхлэгчийн зурваст “Дайны хөлд нэрвэгдсэн орноос дайны дараах орны статуст шилжиж байгаа Ирак улсад хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Өргөн хүрээнд тархсан ядуурал, эдийн засгийн зогсонги байдал, хүрээлэн буй орчны доройтол зэрэг нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа ба үүнд Иракийн хүн амын дийлэнх нь өртөж байна” гэжээ. Ялангуяа зэвсэгт тэмцэгчид, террорист бүлгэмүүд Иракийн энгийн иргэдийг эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. НҮБ-ын тайланд өнгөрсөн 2010 оны байдлаар зэвсэгт мөргөлдөөний үеэр нийт 2,953 энгийн иргэд амиа алдсан талаар тэмдэглэсэн бөгөөд дийлэнх нь зэвсэгт тэмцэгч, террорист бүлгэмүүдийн золиос болжээ.

Үүний зэрэгцээ хүмүүсийг тамлан зовоодог, болхи шүүх арга барил одоог хүртэл Иракт ноёрхсоор байгаа талаар ч тайланд тусгасан байна. Ираны хуулиар ялтанд ямар үндэслэлээр ял оноож байгааг хэлдэггүй ба тэд өмгөөлөгчид хандах эрхгүй болоод шүүх хурал болтол гадагш гарах эрхгүй байдаг аж.

Хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх Иракт маш хязгаарлагдмал байдаг бөгөөд эмэгтэйчүүдийг эсэргүүцсэн алан хядлага, хүчирхийлэл гарах нь энгийн үзэгдэл болж, нутгийн хойд хэсэгт эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт шахалт ихээхэн учруулдаг байна. Эмэгтэйчүүдийн эрхээс гадна аюулгүйн хүчнийхэн сэтгүүлчдэд халдах нь олонтаа тохиолдож, тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд заналхийлэхийг оролддог байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн Департаментаас мөн дээрх үндэслэлүүдийг баталсан судалгааны тайланг гаргасан бөгөөд үүнд хүчирхийлэл, авилга хээл хахууль, засгийн газрын агентлагуудын алдаатай бүтэц, хэт даврагсдын үйлдэж байгаа хүчирхийлэл зэрэг нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж