“Хойд Солонгос намайг үхүүлэхийг хүсдэг”

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

“Хойд Солонгос намайг үхүүлэхийг хүсдэг”

“Хойд Солонгос намайг үхүүлэхийг хүсдэг”

Хойд Солонгос руу зугтаж, улмаар Пхеньянд 40-өөд жил хоригдсон АНУ-ын түрүүч Чарльз Женкинс 77 насандаа нас баржээ. 2004 онд суллагдсанаас хойш тэрээр гэр бүлийн хамт Японд амьдарч байжээ. 

АНУ-ын дөрвөн цэрэг 1965 онд хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүсээр дамжин Хойд Солонгос руу зугтсаны нэг нь Женкинс юм. Бусад гурван цэргийн нэг нь л суллагдсан бөгөөд бусад нь Хойд Солонгост нас барсан гэх мэдээлэл байдаг. 

Чарльз Женкинс даваа гаригт /2017.12.11/ Японы Садо аралд насан эцэслэжээ. Тэрээр Хойд Солонгост хамт хоригдож байсан Хитоми Сога гэх эмэгтэйтэй гэрлэж, хожим хамтдаа Японд амьдарч байсан аж.

ТӨЛӨВЛӨГӨӨ БУРУУГААР ЭРГЭСЭН НЬ

Женкинс Хойд Солонгост ердийн бус, гэхдээ хүнд хэцүү амьдрал туулснаа хожим өөрийн дуртгалдаа, мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэг бус удаа дурдсан байдаг.

Тэрээр Өмнөд Солонгост үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын армийн бүрэлдэхүүнд байжээ. Харуул манааны ээлжийн үеэр алагдах, эсвэл Вьетнамын дайнд дайчлагдах вий гэхээс айхдаа цэргийн ангиа орхиж, Хойд Солонгос руу зугтсан гэнэ. Хойд Солонгост оччихвол Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүсч, улмаар ялтан солилцох гэрээний дагуу эх орондоо буцна гэж тооцоолж байжээ. Гэвч ОХУ-ын талаас түүнд орогнол олгосонгүй. Ингээд Хойд Солонгосын олзны цэрэг болжээ.

Тэр үед Хойд Солонгосыг удирдаж байсан Ким Ир Сен тэднээр орчуулгын ажил хийлгэж, англи хэл заалгаж байв. Мөн барууны хорт этгээдүүдийн тухай өгүүлэх ухуулга суртлын кинонд тоглож, умардад чамгүй алдартай болжээ.

Харгалзагч нарт зодуулж, онцын шаардлагагүй, эсвэл харгис хэрцгий эмчилгээ хийлгэж, ямар ч өвчин намдаагчгүйгээр АНУ-ын армийн бэлгэдэл болсон шивээсийг нь арилгаж байсан тухайгаа ярьсан нь бий.

“ХОЙД СОЛОНГОС НАМАЙГ ҮХҮҮЛЭХИЙГ ХҮССЭН”

Женкинсийг Согатай хүчээр гэрлүүлжээ. Тэд хоёр охинтой аж. Сога 1980 онд Японоос хулгайлагдсан нэгэн юм.

Женкинс гэр бүлийн хамт

Хойд Солонгостой Японы засгийн газар хэлэлцээ хийснээр Сога 2002 онд суллагджээ. Женкинсийг хоёр жилийн дараа охидынх нь хамт чөлөөлсөн байна. Ингээд Женкинсийн гэр бүлийнхэн Согагийн төрөлх нутаг Садо аралд төвхнөж, Женкинс жуулчдын цогцолборт угтагчаар ажиллаж байжээ. 

Өнгөрсөн наймдугаар сард “Лос-Анжелес Таймс” сонинд өгсөн сүүлийн ярилцлагадаа Женкинс Хойд Солонгосын дэглэм өөрийг нь, эсвэл гэр бүлийнхнийг нь хөнөөх вий гэхээс эмээж явдгаа хэлж байжээ. Тэрээр “Хойд Солонгос намайг үхүүлэхийг хүсдэг” гэж байв.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж