Хар тамхины аюул хаалгаар ороод ирчихжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Хар тамхины аюул хаалгаар ороод ирчихжээ

Хар тамхины аюул хаалгаар ороод ирчихжээ

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр /2017.12.12/ болж байна. Энэхүү чуулганыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулжээ.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм. Үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 15-34 насны залуус, эрдэмтэн, судлаач зэрэг 850 төлөөлөгч оролцож байна.Ингээд чуулганы үеэр Хууль, зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хар тамхины хор уршгийн талаар илтгэл тавив.

Тэрбээр “Сүүлийн үед бидний санааг хамгийн ихээр зовоож байгаа асуудал бол нийгмийн хурдтай хөгжил, цахим сүлжээний зохисгүй хэрэглээ зэргээс шалтгаалж урьд өмнө нь гарч байгаагүй зарим шинэ төрлийн гэмт хэргүүд нэмэгдэж байна. Ялангуяа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мэдээллийн аюулгүй байдал болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо тогтмол өсөх хандлагатай байгаа. Хэдийгээр дээрх гэмт хэргүүд одоогоор жилд бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 6 орчим хувийг эзэлж байгаа ч нийгэмд үзүүлэх хор нөлөөгөөрөө аюулын харанга дэлдэж байна. НҮБ-ын 2016 оны тайланд дурдсанаар дэлхийд 247 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, үүнээс 29 сая хүн нь уг бодисоос  шууд хамааралтай болсон талаар дурдсан.

Ялангуяа манай хөрш орнуудын хувьд дээрх төрлийн гэмт хэрэг, холбогдогчийн тоо, хураагдаж буй мансууруулах бодисын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, синтетик төрлийн бодис хууль бус зах зээлд өргөн нэвтэрч байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Бид гурван саяулхнаа. Хамгийн аймшигтай нь хар тамхи хэмээгч энэ цагаан тахалд нэг л нэрвэгдсэн бол эргэж гарах нь, эрүүлжих нь тун хэцүү.

Хар тамхинд орсон л бол “хар тамд унаж” байгаа хэрэг. Өөрөө тэр тамд унаад зогсохгүй ойр дотны хүмүүсээ сэтгэлийн тамд унагааж, эрүүл мэнд, эдийн засаг, амь насаа “цаазын тавцан”-д аваачин тавьж байгаатай адил юм.

Тиймээс хүүхэд залуучуудыг энэ тамаас хол байлгах, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэн болохоос, түүний золиос болохоос сэргийлэх нь туйлын чухал байна. Хүнд ээжийнхээ нулимсыг барж, эцгийнхээ итгэлийг эвдэх шиг гутамшигт зүйл байхгүй. Тэгвэл хар тамхины хэрэглэгч болсон хэн ч бай ийм гутамшигт байдалд орж, эцэстээ өөрийнхөө амьдралыг өөрийн гараар сүйрүүлнэ гэдгээ ухаарах хэрэгтэй.  Энэ онд манай ХЗДХЯ “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор  батлан, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.

Энэ үндэсний хөтөлбөр нь таван жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжинэ. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хуультай, хөтөлбөртэй байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүний хүчин зүтгэл, залуучуудын маань санаачилга, оролцоо амин чухал шүү. Нэг харамсалтай тоо дурдахад 1998 оноос 2016 оны хооронд  Монгол Улсын 128 иргэн  гадаад улсад зорчихдоо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Тэгвэл 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар гадаад улсад зорчихдоо Монгол Улсын 42 иргэн дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна гэсэн муу мэдээ байна. Энэ бол хар тамхины аюул хаяанд биш хаалгаар ороод ирчихжээ гэдгийг харуулж байна.

2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 79 үйлдэлд 247 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Хар тамхины аюул яг л хорт хавдар шиг өсч томорч байна. Хамгийн сэтгэл эмзэглүүлж байгаа нэг мэдээ бол энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 17 нас  буюу насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 37.8 хувиар, 26-35 насны холбогдогч 88.0 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 20.0 хувиар тус тус өссөн байна. Монголчууд аа,  сэрэх цаг болжээ. Үр хүүхдээ, найз нөхдөө, өөрсдийгөө хар тамхины аюулаас хамгаалах үндэсний дархлааг бий болгох цаг нэгэнт болжээ. Өнөөдөр л бид ухаарч сэрэхгүй юм бол, хотлоороо үүний эсрэг нэгдэж тэмцэхгүй юм бол хожимдож мэдэхээр болчихоод байна” гэв.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж